-1

ТА МОНГОЛ ДОХИОНЫ ХЭЛ МЭДЭХ ҮҮ?

2023-10-25    |   445

       “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, тус шүүхийн Тамгын газраас 2023 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлын хүрээнд “Иргэн төвтэй шүүхийн үйлчилгээг бий болгох, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх” зорилгын хүрээнд монгол дохионы хэлний анхан шатны сургалтыг зохион байгууллаа.

      Манай улсын үндэсний статистикийн хорооноос 2021 оны хийсэн судалгаагаар сонсголын бэрхшээлтэй 8430, ярианы бэрхшээлтэй 4074 иргэн байна гэжээ.  Сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй иргэд нийгмийн харилцаанд идэвхтэй оролцох, өөрсдийгөө бүрэн ойлгуулах нь хязгаарлагдмал байдаг тул тэдэнд анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэхэд төрийн албан хаагчдад дохионы хэлний мэдлэг эзэмших хэрэгцээ шаардлага үүсээд байна.

      Сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй хүүхдүүд цагаан толгойн 35 үсгийг сурахад 1.5 жил зарцуулдаг бол сонсголтой, төлөвшсөн том хүн 1 семинарын турш суралцахад сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй иргэнтэй харилцааны түвшинд анхан шатны мэдлэгийг авч чаддаг байна.

      Ийнхүү тус шүүхийн Тамгын газраас “Монгол дохионы хэлний анхан шатны сургалт”-ыг зохион байгуулж нийт албан хаагчдыг хамруулснаас гадна тухайн шүүхийн Тамгын газарт дадлага хийж буй оюутнуудыг уг сургалтад хамрууллаа.

      Бид сургалтаараа тусгай хэрэгцээт иргэдийн талаарх ойлголт, хандлага болон дохионы хэлний анхан шатны мэдлэгийг авахыг зорилоо.


ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2023.10.23

 

. . .
Цаг үеийн мэдээ