Түүхэн замнал
Монгол Улсад шүүх эрх зүйн шинэтгэлийг гүнзгийрүүлэн дагнасан шүүхийн тогтолцоог улам боловсронгуй болгож, Монгол Улсын Үндсэн хууль, Шүүхийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтуудад нийцүүлэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх байгуулж ажиллуулах шаардлага зүй ёсоор тавигдаж Улсын Их Хурлын 2010 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуралдаанаар "Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх байгуулах тухай” хууль батлагдсанаар тус шүүх 2011 онд байгуулагдаж дагнасан шүүх тогтолцооны хувьд бүрэн дүүрэн ажиллах болсон.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2011 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 55 дугаар зарлигаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр Ц.Цогт, шүүгчээр М.Батсуурь, А.Отгонцэцэг, П.Соёл-Эрдэнэ, Т.Энхмаа нар томилогдож тус шүүх 2011 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2011 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 87 дугаар зарлигаар тус шүүхийн шүүгчээр Д.Батбаатар, Б.Мөнхтуяа нар томилогдсон байна. Монгол Улсын Их Хурлын 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 42 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн орон тоог Ерөнхий шүүгч 1, шүүгч 15 байхаар шинэчлэн баталсан.
Улмаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2014 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 74 дүгээр зарлигаар тус шүүхийн Ерөнхий шүүгчээр Б.Мөнхтуяа, 2014 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 54 дүгээр зарлигаар шүүгч Э.Зоригтбаатар, Б.Тунгалагсайхан, Э.Халиунбаяр, Н.Хонинхүү нар, 2014 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 83 дугаар зарлигаар шүүгч Д.Баатархүү, С.Мөнхжаргал нар, 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 108 дугаар зарлигаар шүүгч О.Номуулин, 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 03 зарлигаар шүүгч Э.Лхагвасүрэн, 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 80 дугаар зарлигаар шүүгч Г.Билгүүн томилогдсон байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 147 дугаар зарлигаар тус шүүхийн Ерөнхий шүүгчээр Д.Батбаатар томилогдож, 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 42 дугаар зарлигаар А.Сарангэрэл, 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 50 дугаар зарлигаар Д.Оюумаа, Н.Долгорсүрэн нар, 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 51 дугаар зарлигаар Т.Энхмаа, 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 128 дугаар зарлигаар О.Оюунгэрэл, 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 27 дугаар зарлигаар Г.Мөнхтулга, 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 126 дугаар зарлигаар З.Ганзориг тус шүүхийн шүүгчээр томилогдсон.
Монгол Улсын Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 19 дүгээр зүйлийн 19.2.4-т “тухайн шүүхийн Ерөнхий шүүгчийг шүүгчид дотроосоо сонгоно” гэж заасны дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн нийт шүүгчдийн зөвлөгөөний 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 12 дугаар тогтоолоор Ерөнхий шүүгчээр Д.Баатархүү сонгогдон ажиллаж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 144 дүгээр зарлигаар Ц.Цогт, 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 145 дугаар зарлигаар Д.Батбаатар нар Монгол Улсын дээд шүүхийн шүүгчээр томилогдож, Нийт шүүгчдийн анхдугаар чуулганы 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн тогтоолоор Монгол Улсын Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гишүүнээр шүүгч Э.Зоригтбаатар, Монгол Улсын Шүүхийн сахилгын хорооны гишүүнээр шүүгч О.Номуулин нар сонгогдон ажиллаж байна.
Тус шүүх нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бүх нэгжийг хамаарч аймаг, нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах журмаар, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан тодорхой төрлийн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолыг гомдлоор, шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн магадлалыг хянуулахыг хүссэн захиргааны хэргийг талуудын гаргасан гомдлын үндсэн дээр хүлээн авч, давж заалдах журмаар хянан шийдвэрлэдэг бөгөөд хэргийн харьяаллын талаар доод шатны шүүх хооронд гарсан маргаан, хуульд тусгайлан заасан зарим төрлийн маргааныг анхан шатны журмаар хянан шийдвэрлэдэг.