-1

ХҮҮХЭД БҮРД ЭРХ ЗҮЙН МЭДЛЭГ ТҮГЭЭХ ЗОРИЛГОТОЙ “ОЮУНЫ ДАВЛАГАА XI” ТЭМЦЭЭНИЙ АВАРГУУД ТОДОРЛОО

2025-05-04    |   82

Захиргааны шүүхийн нэгдсэн байранд хоёр өдөр үргэлжилсэн “ОЮУНЫ ДАВЛАГАА XI”  уран мэтгэлцээний тэмцээний аваргууд өнөөдөр тодорлоо.   

“Хүүхэд бүрд эрх зүйн мэдлэг түгээе” уриан дор зохион байгуулсан уг арга хэмжээнд 80 орчим хүүхэд мэтгэлцсэнээс 2 дугаар шатанд шалгарсан 30 сурагч аваргын төлөө өрсөлдсөн  юм.

11 дэх удаагийн тэмцээний онцлог нь сурагчид шүүх хуралдааны танхимд буюу мэтгэлцэж буй сэдвийнхээ орчинд арга хэмжээг зохион байгуулснаараа онцлог байв.

Мөн тэмцээний туслах шүүгчээр тус шүүхийн шүүгчийн туслах Б.Бадамсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Галцэцэг нар ажилласан бол шүүгчийн туслах Ө.Акмарал захиргааны шүүхийн онлог, шүүхэд хэн ажилладаг вэ сэдвийн хүрээнд мэдээлэл өгсөн юм.  

 Тус тэмцээний аваргаар  Нийслэлийн ерөнхий боловсролын 61 дүгээр сургуулийн 12 дугаар ангийн сурагч Ш.Энхзаяа шалгарсан бол удаах байрт 45 дугаар сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Н.Билэгт-Очир, 3 дугаар байранд Сэтгэмж сургуулийн 10 дугаар ангийн сурагч Э.Мөнхбаясгалан, 67 дугаар сургуулийн 11 дүгээр ангийн сурагч М.Нандин-Эрдэнэ нар тус тус шалгарлаа. 

Дашрамд дурдахад, тус шүүхийн Тамгын газраас Монгол Улсад хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан “Хүүхдэд ээлтэй шүүх” хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. Хөтөлбөрийн хүрээнд Монголын сурагчдын холбооны дэргэдэх Лидер сурагч академитай хамтран  хэд хэдэн арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөсний нэг нь “Оюуны давлагаа XI” уран илтгэлийн тэмцээн юм.


Мөн Монголын сурагчдын холбоо ТББ, холбооны дэргэдэх Лидер сурагч академиар дамжуулан:

• Сурагчдад хууль эрх зүйн мэдлэг олгох,

• Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх боловсрол олгох,

• Хүүхэд хамгааллын тухай хуулийг сурталчлан таниулах,

• Шүүхийн үйл ажиллагааны талаарх ойлголтыг нэмэгдүүлэх явдал юм.

 

. . .