-1

БНХАУ-ын Гуандун мужийн Ардын дээд шүүхэд зочиллоо

2024-11-21    |   1

       Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга тэргүүтэй төлөөлөгчид Бээжин, Гуанжоу хотуудад хийх айлчлал 2024 оны арваннэгдүгээр сарын 18-22-ны өдрүүдэд үргэлжилж байгаа бөгөөд өнөөдөр (2024.11.20) Гуандун мужийн Ардын дээд шүүхэд зочилж, тус шүүхийн шүүгчидтэй уулзан хоёр орны шүүхийн тогтолцооны талаар харилцан туршлага солилцлоо.

        Уулзалтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Л.Энхбилэг, гишүүн Э.Зоригтбаатар, Д.Зүмбэрэллхам, Н.Мөнгөнцэцэг, Р.Онончимэг, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Б.Эрдэнэтулга болон бусад албаны хүмүүс, Гуандун мужийн Ардын дээд шүүхийн Ерөнхийлөгч, тэргүүн зэргийн их шүүгч Жан Хайбө, Дэд ерөнхийлөгч Ван Зин, БНХАУ-ын Ардын дээд шүүхийн дэргэдэх Шүүгчдийн үндэсний коллежийн Дэд ерөнхийлөгч Ван Сяо Фан нар оролцов.

      Ардын дээд шүүхийн Ерөнхийлөгч, тэргүүн зэргийн их шүүгч Жан Хайбө хэлсэн үгэндээ “Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга тэргүүтэй төлөөлөгчид Гуандун мужийн Ардын дээд шүүхэд зочилж буйд талархлаа. Аливаа улсын шүүх нь адил зорилго чиглэлтэй байдаг. Энэ ч утгаараа шүүхийн салбарт хэдийн тогтож бэхэжсэн хамтын ажиллагаа өргөжин тэлж буйгаас хоёр улсын харилцаанд шүүхийн салбарын хамтын ажиллагаа чухал байр суурь эзэлдгийг харж байна.

      Шүүхийн ерөнхий зөвлөл, Ардын дээд шүүхийн харилцааны суурь ийнхүү тавигдаж, цаашид хамтран ажиллаж хоёр улсын шүүхийн хөгжилд тодорхой хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна. Иргэд хурдан шуурхай, чирэгдэлгүй, хүртээмжтэй, шударга шүүхээр эрхээ хангуулахад шүүхийн хөгжил дэвшил, цахимжилт чухал бөгөөд шүүхийн цахимжилтаар тодорхой туршлага хуримтлуулан, ололт амжилттай байгаагийн хувьд энэ чиглэлээр Монгол Улсын шүүхийн албан хаагчдыг сургалтад хамруулж, туршлага судлах арга хэмжээг зохион байгуулах боломжтой гэдгээ илэрхийллээ. Мөн тус шүүхийн Дэд ерөнхийлөгч Ван Зин шүүхийн үйл ажиллагаа, шинэтгэл хөгжлийн талаар танилцуулав.

      Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Л.Энхбилэг Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүтэц, үйл ажиллагааны талаар танилцуулж, биднийг хүлээн авч уулзан хамтын ажиллагааны талаар ярилцан санал солилцож байгаа Ерөнхийлөгч, тэргүүн зэргийн их шүүгч Жан Хайбө танд талархал илэрхийлье. Энэхүү айлчлалаар Ардын дээд шүүхтэй хамтын ажиллагааныхаа суурийг тавьж байгаад баяртай байна. Бидний хамтын ажиллагаа цаашид амжилттай үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байна гэдгээ илэрхийллээ.

. . .