-1

Процессын хураангуй №2 ЗАРИМ ТОХИОЛДОЛД ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ШҮҮХ НОТЛОХ БАРИМТ ЦУГЛУУЛАХ ҮҮРЭГ ХҮЛЭЭХГҮЙ

2024-11-21    |   128

ЗАРИМ ТОХИОЛДОЛД ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ШҮҮХ НОТЛОХ БАРИМТ ЦУГЛУУЛАХ ҮҮРЭГ ХҮЛЭЭХГҮЙ


Тогтоолын дугаар:

Тогтоолын төлөв: Хүчин төгөлдөр

2024 он 11 сар 18 өдөр, процесс-хураангуй: дугаар  2


     “О” ХХК-иас Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 758 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 743 дугаар магадлалыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1-д заасан “Шүүхийн шийдвэр гарах үед хэргийн оролцогчдод мэдэгдээгүй болон мэдэгдэх боломжгүй байсан нотлох баримт илэрсэн” гэсэн үндэслэлээр шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянуулах тухай хүсэлт гаргасан байна.

     Ийнхүү хүсэлт гаргахдаа уг шинээр илэрсэн гэх баримтыг хүсэлтдээ хавсаргаагүйгээс гадна уг баримтыг шүүхийн журмаар гаргуулах хүсэлт гаргасныг шүүх дараах үндэслэлээр буцааж шийдвэрлэв.

     Тодруулбал, хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулахаар хүсэлт гаргах тохиолдолд холбогдох баримтыг тухайн хүсэлтэд хавсарган ирүүлэх бөгөөд уг хүсэлтэд дурдсан баримт нь шүүхийн шийдвэр гарах үед мэдэгдээгүй болон мэдэх боломжгүй байсан төдийгүй тухайн шийдвэрт нөлөөлөхүйц баримт мөн эсэхэд дүгнэлт өгч, “шинээр илэрсэн нөхцөл байдал”-д хамаарах хууль ёсны үндэслэл байгаа эсэхийг шүүх хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэхээр байна.

     Гэтэл хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянах үндэслэл болох хүсэлтээ нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй байхад тус хуулийн этгээдийн хүсэлтийг давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1, 132 дугаар зүйлийн 132.4, 133 дугаар зүйлийн 133.1, 133.4-д заасантай нийцэхгүй.

     Учир нь шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг дахин хянах ажиллагаа нь ердийн журмаар явагдах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас ялгаатай, хэргийг хянан шийдвэрлэх бүхий л ажиллагаа хийгдэж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсны дараа явагддаг онцлогтой учраас хуульд тусад нь журамлан зохицуулсан. Өөрөөр хэлбэл, шүүх шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг дахин хянуулах тухай хүсэлт шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах үүрэггүй, энэ талаар зохицуулалт хуульд байхгүй.

     Харин шинэ илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг дахин хянуулахаар хүсэлт гаргагч этгээдийн хувьд шүүхийн шийдвэр гарах үед мэдэгдээгүй болон мэдэгдэх боломжгүй байсан нотлох баримт байгаа бол түүнийгээ хавсарган хуульд заасан журмын дагуу хүсэлтээ гаргах эрх нь нээлттэйг дурдаж хүсэлтийг буцааж шийдвэрлэв.


Санамж:

Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.


Хураангуйг бэлтгэсэн: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Билгүүн

. . .