-1

МАГАДЛАЛЫН ХУРААНГУЙ №4

2024-11-21    |   3


Шүүхийн шийдвэрийн дугаар: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.08.13-ны өдрийн №536 дугаар магадлал

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

2024 оны 08 сарын 13-ны өдрийн магадлалын хураангүй №4

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.


Төрийн жинхэнэ албан хаагчийг “тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн” үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөх хуулийн зохицуулалтыг буруу хэрэгжүүлсэн албан тушаалтны шийдвэрийг хүчингүй болгов

      Нэхэмжлэгч Ж нь “...55 насанд хүрсэн эмэгтэй төрийн албан хаагчид тэтгэвэр тогтоолгон авах эрх үүсэхээс бус “тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн” үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөх үндэслэл болохгүй. ... мөн түүнчлэн төрийн алба хаах насны дээд хязгаарт хүртэл ажиллах хүсэлтээ өгсөөр байхад шууд ажлаас чөлөөлж, хууль зөрчсөн тул Татварын ерөнхий газрын даргын 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/761 дугаартай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох үндэслэлтэй” гэж маргажээ.

      Ж нь 55 нас 9 сартай байхдаа буюу 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Баян-Өлгий аймгийн Татварын хэлтсийн даргаар уламжлуулан төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд үргэлжлүүлэн ажиллах хүсэлтээ бичгээр гаргасан боловч Татварын ерөнхий газрын даргын 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/761 дугаартай тушаалаар Татварын ерөнхий газрын харьяа Баян-Өлгий аймгийн Татварын хяналт шалгалтын тасгийн улсын байцаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд буюу 56 нас 3 сар хүрсэн тул 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөр тасалбар болгон төрийн албанаас чөлөөлж, татварын улсын байцаагчийн эрхийг хүчингүй болгосон байна.

            Анхан шатны шүүх “Захиргааны байгууллага тухайн албан хаагчийн төрийн алба хаах насны дээд хязгаарт хүртэл ажиллах хүсэлтийг түүний ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, туршлага, эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан үзэж шийдвэрлээгүй, шаардлагатай баримтыг цуглуулж, нөхцөл байдлыг тогтоогоогүй” гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.

 

            Давж заалдах шатны шүүхээс дараах үндэслэлээр хариуцагч талаас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив. Үүнд:

 

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1-д “Даатгуулагч нь нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 65 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй. Харин 20-иос доошгүй жил шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно” гэж эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн тэтгэвэр тогтоолгон авах эрх үүсэх насны хязгаарыг ялгамжтай заасан нь байгалиасаа адил тэгш бус эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн биологийн болон нийгмийн амьдралд оролцох оролцоо, гүйцэтгэх үүргийн ялгаа, онцлогтой холбоотой байдаг учраас Үндсэн хуульд заасан тэгш эрхийн зарчим болоод Алагчлахгүй байх (Ажил, мэргэжил, хөдөлмөр эрхлэлт) тухай Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 111 дүгээр конвенцод нийцдэг.

Иймээс тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн эмэгтэй даатгуулагч өөрөө тэтгэвэр тогтоолгохыг хүсээгүй тохиолдолд түүний тэтгэвэр тогтоолгох насыг эрэгтэй даатгуулагчийнхтай ижил байдлаар ойлгож, хэрэгжүүлэх нь дээр дурдсан тэгш эрхийн зарчимд нийцэх төдийгүй Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2-т заасан “тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн” гэх төрийн албанаас захиргааны санаачилгаар чөлөөлөх зохицуулалттай харилцан уялдаатайгаар хэрэглэгдэх юм.

Нөгөөтээгүүр өөрөө хүсвэл тэтгэвэр тогтоолгон авах эрх үүссэн төрийн албан хаагч үргэлжлүүлэн төрийн алба хаах насны дээд хязгаарт хүртэл ажиллах хүсэлт гаргасан байхад захиргааны байгууллага Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3-т заасан ажиллагааг хийлгүйгээр шууд төрийн албанаас чөлөөлсөн нь хууль бус бөгөөд нэхэмжлэгч Ж-ийн хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчжээ.

Иймд маргаан бүхий актыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн эрхийг сэргээж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.


 Тоймыг бэлтгэсэн:

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Билгүүн

Шийдвэрийг бүтнээр нь үзэх бол:www.shukh.mn

. . .