-1

“НУУЦ ХАМГААЛАХ АЖИЛТАН”-ЫГ МЭРГЭШҮҮЛЭХ ХАМТАРСАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2024-11-18    |   108

      Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын урилгаар Тагнуулын ерөнхий газрын Төрийн нууцын хэлтсийн шүүхийн байгууллага хариуцсан ахлах ажилтан, мэргэжилтнүүд хүрэлцэн ирж “Төрийн болон албаны нууцын тухай хууль тогтоомж, анхаарах зарим асуудал” сэдвээр мэргэшүүлэх сургалтыг зохион байгууллаа.  

    Сүүлийн жилүүдэд шүүхийн байгууллагын хүний нөөцийн дутмаг байдлаас шалтгаалан нууц хамгаалах ажилтны тогтвор суурьшилтай байдал алдагдсаны улмаас шүүхийн Тамгын газруудаас нууц хариуцсан ажилтныг томилуулах хүсэлтийг Тагнуулын ерөнхий газарт хүргүүлэх нь ихэссэн. Шүүхийн нууц хамгаалах ажилтныг Төрийн болон албаны нууцын тухай хууль тогтоомжийг судлуулах, Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 246 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Төрийн болон албаны нууцын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан байгуулах, ашиглах журам”-ын 2.9 дэх хэсэгт “Байгууллага шинээр томилогдсон нууц хамгаалах ажилтныг мэргэшүүлэх сургалтад хамруулснаар гарч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах хэрэгцээ, шаардлага тулгарсан.

      Сургалтад Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын нууц хамгаалах ажилтан Б.Бадамсүрэн, Нийслэл дэх Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын нууц хамгаалах ажилтан Г.Мөнхтуул, Б.Будрагчаа, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын нууц хамгаалах ажилтан Н.Амаржаргал, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын нууц хамгаалах ажилтан Э.Золжаргал, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын нууц хамгаалах ажилтан Ж.Хулан, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын нууц хамгаалах ажилтан Х.Дашням, Д.Айсауле, Г.Ганболор, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын нууц хамгаалах ажилтан Т.Туул, Б.Золзаяа, Н.Болор-Уянга, Багахангай, Налайх дүүргийн эрүү, иргэний хэргийн анхан шатны шүүхийн М.Энхчимэг нар идэвхтэй оролцлоо.

    Нууц хамгаалах ажилтанд чиглэсэн сургалтын хэрэгцээ шаардлага их байсныг тэдний тавьсан асуулт болон шүүхийн байгууллагын нууц хамгаалах ажилтны онцлогоос хамаарч хэрхэн ажиллах талаар арга зүйн зөвлөгөө өгч, хууль эрх зүйн орчинд тулгамдаж буй асуудлаар санал солилцож, харилцан ярилцлага өрнүүлснээс харж болохоор байлаа.

     Сургалтын төгсгөлд оролцогчид “2019 оноос хойш энэ сэдвээр тухайн байгууллагаас сургалт, уулзалт зохион байгуулагдаагүй тул бидний зүгээс ойлгомжгүй, зөрүүтэй зүйл олон байсан. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын санаачилгаар ТЕГ-ын шүүхийн нууц хариуцсан албан тушаалтантай цаашид зөвлөмж, чиглэл авах, ажлын уялдааг сайжруулах боломжийг бүрдүүлж өгөхөөс гадна шүүхийн нууц хамгаалах ажилтанд чиглэсэн сургалт зохион байгуулсанд талархаж байна” гэж сэтгэгдлээ илэрхийлснээр арга хэмжээ өндөрлөлөө.


ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

/2024.11.18/

. . .