-1

МОНГОЛ УЛСАД ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ШҮҮХ БАЙГУУЛАГДСАНЫ 20 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛАН МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ТАНХИМААС ЗОХИОН БАЙГУУЛЖ БУЙ УУЛЗАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЭХЭЛЛЭЭ

2024-05-09    |   299

       Монгол Улсад Захиргааны хэргийн шүүх байгуулагдсаны 20 жилийн ойд зориулан Монгол Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхим, Монголын хуульчдын холбоо хамтран зохион байгуулж буй “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа-төлөвшил, сорилт” сэдвийн хүрээнд хэлэлцүүлгийг тус шүүхийн “Green Hall” буюу ногоон танхимд явагдаж байна.

Улсын дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа-төлөвшил, сорилт” сэдэвт хэлэлцүүлгийн зорилго, ач холбогдлын танилцуулснаар хэлэлцүүлгийг нээлээ.

Хэлэлцүүлэгт Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Цогт “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны парадигм: төлөвшил, сорилт” сэдвээр, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хэрэгжилт, тулгарч буй асуудал, шийдэл: Анхан шатны шүүхийн хувьд” сэдвээр тус тус илтгэл тавихаас гадна Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Мөнхжаргал “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тулгамдсан асуудал” сэдвээр мөн  илтгэлээ тавилаа.

Энэхүү хэлэлцүүлгээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль хэрэглээний хүрээнд тулгамдаад байгаа асуудлуудын талаар болон шүүгчид хууль хэрэглээний туршлага солилцох, шаардлагатай бол Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг шинэчлэх талаар санал гаргах  тухай асуудлыг хөндлөө.

Уг хэлэлцүүлэгт Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын шүүгчид,  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчид, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчид, МУ-ын 21 аймгийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч болон хуульчид захиргааны байгууллагын төлөөлөгч, өмгөөлөгч, хуулийн сургуулиудын багш нар, хэвлэл мэдээллийн байгууллага оролцож байна. 


ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2024.05.09

. . .