ЕВРОПЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БАЙГУУЛЛАГА (ЕАБХАБ)-ЫН АРДЧИЛСАН ИНСТИТУЦ, ХҮНИЙ ЭРХИЙН АЛБА (АИХЭА)-НЫ ТӨЛӨӨЛӨГЧИД ТУС ШҮҮХЭД ЗОЧИЛЛОО
2024-03-15 | 266Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Ардчилсан институц, хүний эрхийн алба (АИХЭА)-ны Санал хураах шинэ технологийн асуудал хариуцсан ахлах зөвлөх Владимир Мисев, зөвлөх Горан Петров, орчуулагч Г.Баясгалан, Гадаад харилцааны яамны Олон талт хамтын ажиллагааны газрын II нарийн бичгийн дарга Э.Энэрэл нарыг 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдөр буюу өнөөдөр тус шүүхийн Ерөнхий шүүгч Д.Баатархүү, Тамгын газрын дарга Д.Өнөржаргал нар хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар санал хураах шинэ технологийн асуудал хариуцсан ахлах зөвлөх Владимир Мисев, зөвлөх Горан Петров нар нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн харьяалагдах маргааны нэг төрөл болон сонгуулийн маргааныг шийдвэрлэх хугацаа, шийдвэрлэлтийн тоон үзүүлэлт, шалтгаан нөхцөлөөс гадна процесс ажиллагааны онцлог, зохицуулалтын талаар болон шүүхийн нээлттэй, ил тод байдлыг хэрхэн ханган ажиллаж байгаа талаарх сонирхсон асуултуудад хариулт авч, хөндлөнгийн судалгааг хийлээ.
Монгол улс нь Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын гишүүн бөгөөд тус байгууллага нь гишүүн улсад болж буй сонгуульд ажиглалт хийх, сонгуулийн болон хүний эрхийн байгууллагад техникийн тусламж үзүүлэх, төрийн бус байгууллага, иргэний нийгмийн хөгжлийг дэмжих, тэдэнд зориулсан сургалт семинар зохион байгуулах зэргээр хүний эрхийг хамгаалах, ялгаварлан гадуурхах, үл тэвчих явдалтай тэмцэх, хууль сахиулах талаар ардчиллыг хөгжүүлэх чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг байна.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газар
2024 он