-1

Магадлалын хураангуй №9 Ипотекийн зээлийн шимтгэл ялгаатай байж болохыг тогтоов

2023-06-14    |   3444


Шийдвэрийн дугаар: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 221/МА2023/0392 дугаар магадлал

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

2023 оны 06 дугаар сарын 14-ны өдөр, магадлалын хураангуй: №9


       Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нар нь нэр бүхий 9 банканд хяналт шалгалт хийсэн байна. Уг хяналт шалгалтаар нэр бүхий 9 банкийг Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь заалтад “хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн” зөрчил гаргасан гэж үзэж шийтгэл оногдуулсныг шүүхээс зөв гэж дүгнэв.

      Хариуцагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нар нь арилжааны банкнуудыг ипотекийн зээл олгохдоо шимтгэл авсныг буруутгаагүй, харин шимтгэл, хураамжийн хувь, хэмжээг үндэслэлтэй тогтоох хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзэж шийтгэлийн хуудас бичиж, ипотекийн зээл олголтын шимтгэлийг гарч буй зардалтай нь уялдуулан үндэслэлтэй тогтоож, харилцагчтай байгуулж буй зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах арга хэмжээг авахыг даалгах” зөрчлийн үр дагаврыг арилгуулах эрх бүхий албан тушаалтны даалгавар бичсэн байна.

      Монгол банкны ерөнхийлөгчийн 2008 оны 446 дугаар тушаалын 9 дүгээр зүйлийн 9.1-д “Ипотекийн зээлийн үйл ажиллагаанд оролцогч талуудын хариуцлагыг нэмэгдүүлэх үүднээс дараах зардлыг шингээсэн шимтгэлийг зээлдүүлэгч зээлдэгчээр төлүүлэх бөгөөд энэ нь нийт зээлийн дүнгийн 1 хувиас хэтрэхгүй байна” гэж зээлдүүлэгчээр төлүүлэхээр шийдвэрлэсэн байхад нэр бүхий 9 банк нь ипотекийн зээлийн шимтгэлийн хувь хэмжээг хэрхэн тооцсон аргачлал, үндэслэл, эдийн засгийн нарийвчилсан тооцоо судалгаа хийлгүйгээр нийтэд нь хавтгайруулан 1 хувь гэж тогтоон шимтгэл авч байгаа нь Зөрчлийн тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль тогтоомжийг тус тус зөрчсөн гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

      Өөрөөр хэлбэл ипотекийн зээл тус бүрт гарч болох зах зээлийн зардал харилцан адилгүй, шимтгэлийг хувь хэмжээг 1 хувь хүртэлх хэмжээнд сонгох боломжтой байхад нэр бүхий 9 банк шимтгэлийн хувь хэмжээг ижил хэмжээтэй тогтоож байгаа нь Зөрчлийн тухай хуулийг зөрчсөн гэж үзлээ.


   Санамж:

      Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.


Хураангуйг бэлтгэсэн: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Оюунгэрэл

. . .