ДЭЛХИЙН ЦУСНЫ ДОНОРЫН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН ЦУСАА ХАНДИВЛАЛАА
2023-06-14 | 529Тус шүүхийн тамгын газраас энэ онд Шүүхийн ерөнхий зөвлөлийн 30 жилийн ойн “Бүтээлч ажлын төлөвлөгөө”-нд хэрэгжүүлэхээр тусгасан ажлын хүрээнд Дэлхийн цусны донорын өдрийг тохиолдуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар, Цус сэлбэлт, судлалын үндэсний төвтэй хамтран “Тогтмол хугацаанд цус, сийвэнгээ өгч, амьдрал бэлэглэе” аяныг зохион байгууллаа.
Дэлхийн цусны донорын өдрийг жил бүрийн зургаадугаар сарын 14-ний өдөр зохион байгуулан нийт хүн амыг донор болохыг уриалах, аюулгүй цус, цусан бүтээгдэхүүнээр ард иргэдээ хангах, цусны донорын эгнээг өргөжүүлэх зорилгоор жил бүр зохион байгуулдаг бөгөөд 20 дахь удаагийн “Тогтмол хугацаанд цус, сийвэнгээ өгч, амьдрал бэлэглэе” аянд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хамт олон нийгмийн хариуцлагын хүрээнд эрүүл мэндийг хамгаалах сайн үйлсийн аянд нэгдэж, цусаа хандивлалаа.
Судлаачид нэг хүн цусаа хандивлахад гурван эрдэнэт хүнд амьдрал бэлэглэдэг болохыг судалгаагаар нотолжээ.
Мөн арга хэмжээний үеэр “Монголын Донорын холбоо”-ны ахмад донорууд хүрэлцэн ирж өөрийн түүхээсээ хуваалцахдаа “Миний хувьд анх цусны бүлгээ л мэдэх гэж очиж байсан бол одоогоор 140 гаруй хүнд амьдрал бэлэглэжээ” гээд өөрийн биеэр үлгэрлэж донорын эгнээг өргөжүүлэн тэлэхэд хувь нэмрээ орууллаа.
ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
2023.06.14