-1

“Хууль тайлбарлан хэрэглэх онол, арга зүй: Захиргааны эрх зүй” сургалт боллоо

2019-03-06    |   818

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс эрх зүйн хөгжил ба шүүгчийн хуулийн хэрэглээний мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх хүрээнд захиргааны хэргийн шүүгчид зориулсан "Хууль тайлбарлан хэрэглэх, онол арга зүй: Захиргааны эрх зүй” сэдэвт чөлөөт сонголтын сургалтыг 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн 102 тоот танхимд зохион байгууллаа.

 

      Сургалтын зорилго нь Захиргааны эрх зүй дэх хууль тайлбарлан хэрэглэх онолын мэдлэг, чадварыг дээшлүүлэх, захиргааны эрх зүйн суурь зарчмуудын агуулга, тэдгээрийг хууль тайлбарлан хэрэглэхдээ ашиглах арга зүйн мэдлэг, чадварыг нэмэгдүүлэх, захиргааны эрх зүй дэх хууль тайлбарлах арга ажиллагаа, түүний онцлогийн талаарх мэдлэгийг гүнзгийрүүлэхэд чиглэгдсэн юм. 

 

      Сургалтыг Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Мандах нээж, шүүгчийн хууль тайлбарлан хэрэглэх ур чадварыг дээшлүүлэх нь шүүхийн сургалтын нэг үндсэн зорилт бөгөөд энэ зорилтын хүрээнд Шүүхийн ерөнхий зөвлөлөөс МУИС-ийн Хууль зүйн сургуультай хамтран эрүү, захиргаа, иргэний эрх зүйн хууль тайлбарлах онол, арга зүй сэдэвт сургалтын хөтөлбөр, гарын авлагыг тухайн салбарын мэргэшсэн нэр хүндтэй эрдэмтэн, багшаар боловсруулж ажилласан болохыг онцолсон юм. Тэрээр Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүхийн сургалтын бодлогыг олон улсын жишигт тулгуурлан шинэчлэн тодорхойлж Шүүхийн сургалтын үндсэн хөтөлбөрийг баталсан бөгөөд энэ хүрээнд хууль хэрэглээний сургалтыг чөлөөт сонголтын хэлбэрээр зохион байгуулдаг болсон тул тус сургалтад нийслэл болон орон нутаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн нийт 28 шүүгч хамрагдаж байгааг танилцуулсан юм.

“Хууль тайлбарлан хэрэглэх онол, арга зүй: Захиргааны эрх зүй” сургалт боллоо
“Хууль тайлбарлан хэрэглэх онол, арга зүй: Захиргааны эрх зүй” сургалт боллоо 

      Сургалтыг МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш Т.Мөнх-Эрдэнэ "Хууль тайлбарлан хэрэглэхтэй холбоотой онолын суурь асуудлууд, Захиргааны эрх зүйн хэм хэмжээг тайлбарлах онолын чиг хандлага ба тодорхой аргууд, тэдгээрийн хэрэглээ, Захиргааны эрх зүйн хуулийг тайлбарлан хэрэглэх онцлог, Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын шүүгч Г.Банзрагч "Захиргааны үйл ажиллагааны үндсэн зарчмууд, тэдгээрийн агуулга, тэдгээрийг хууль тайлбарлан хэрэглэхдээ харгалзан үзэх нь” сэдвээр тус тус мэдээлэл өгч, сургалтыг удирдан явууллаа.

“Хууль тайлбарлан хэрэглэх онол, арга зүй: Захиргааны эрх зүй” сургалт боллоо 

      Сургалтад оролцогчид тус сургалтаар Монгол Улсын болон ХБНГУ-ын Захиргааны ерөнхий хуультай холбоотой хуулийн зохицуулалт, онол арга зүйн мэдлэгийг шүүхийн практиктай хослуулж богино хугацаанд үр өгөөжтэй сургалт болоо хэмээн онцолсон юм.

 

      Энэхүү сургалтын гол хэрэглэгдэхүүн болох"Хууль тайлбарлан хэрэглэх онол арга зүй: Захиргааны эрх зүй” гарын авлагыг ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газар, түүний "Эрх зүйн боловсрол” академийн дэмжлэгтэйгээр анх удаагаа хэвлэж нийт захиргааны хэргийн шүүхийн шүүгчдийн хүртээл болгож байгаа юм.

 

 

ШҮҮХИЙН СУДАЛГАА, МЭДЭЭЛЭЛ, СУРГАЛТЫН ХҮРЭЭЛЭН

. . .