-1

ШҮҮХИЙН БИЕ ДААСАН, ХАРААТ БУС, АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ЧИГЛЭЛЭЭР УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-04-24    |   136

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн хоёрдугаар бүлгийн 5 дугаар зүйл заалтаар Шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх суурь зарчим, шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангах талаар хуульчлахдаа энэ хуулийн 5 дугаар зүйлийн 5.10 дахь хэсэгт “Шүүхийн байранд шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхээс өөр үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэсэн хуулийн хэрэгжилтийг хангахад тулгамдаж буй асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар Шүүхийн ерөнхий зөвлөл, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх, Гаалийн ерөнхий газар хамтарсан уулзалт зохион байгууллаа.  

Уулзалтын үеэр Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Д.Эрдэнэтулга “Гаалийн байгууллагын зүгээс шүүхийн бие даасан, аюулгүй байдлыг хангах, шүүн таслах ажиллагааг хэвийн тасралтгүй явуулахад саад учруулахгүй байх дээр анхаарч ажиллана уу. Нөгөө талдаа Гаалийн байгууллагын үйл ажиллагаанд эрсдэл учирч болзошгүй тул шүүхийн байранд байрлах төхөөрөмжийг нүүлгэн шилжүүлэх ажлыг яаралтай зохион байгуулах шаардлагатай байна” гэв.

Уулзалтад ШЕЗ-ийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга Д.Эрдэнэтулга, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Баатархүү, тус шүүхийн Тамгын газрын дарга Д.Өнөржаргал, ШЕЗ-ийн Шүүгчийн хараат бус байдал, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах албаны дарга Х.Билгүүнзаяа, Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга Д.Гантулга, Гаалийн ерөнхий газрын дэд дарга Г.Энхтайван, Санхүү хөрөнгө оруулалтын газрын Д.Долгорсүрэн, Мэдээлэл технологийн газрын дарга Б.Ганзориг, Захиргааны удирдлагын газрын гаалийн улсын ахлах байцаагч М.Жавхлантөгс, Хуулийн хэлтсийн гаалийн улсын байцаагч Б.Лувсандорж нарын хүмүүс байлцав.

. . .