“ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙН ХЭРЭГ СУДЛАЛ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2025-02-21 | 248Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах, шүүхэд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх зорилгоор хэрэг судлал буюу хяналтын шатны шүүхээр хянагдсан хэргийг маргааны төрлөөр нарийвчлан ангилж, шүүгч тус бүрээр хуваарь гаргаж, нарийвчилсан судалгаа дүнг шүүхийн захиргааны ажилтнуудыг оролцуулан хэлэлцүүлэг зохион байгуулдаг уламжлал хэдийнээ тогтсон билээ. Жил бүрийн эхэнд энэхүү төлөвлөгөөг шүүгчдийн зөвлөгөөнөөр хэлэлцэн гаргадаг бөгөөд 2025 оны анхны “хэрэг судлал” хэлэлцүүлгийг 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр амжилттай зохион байгууллаа.
Хэлэлцүүлэг зохион байгуулснаар Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдаанаар хянагдсан магадлалд өөрчлөлт орсон, хүчингүй болсон шалтгаан нөхцөлийг судлах, хэрэг хянан шийдвэрлэхэд гарч буй алдааг тодорхойлж, түүнд дүн шинжилгээ хийх, хуулийг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх ур чадварыг нэмэгдүүлэх, түүнчлэн тухайн шүүхээр хянан шийдвэрлэгдэж буй бусад хэрэг маргааны агуулга болон шийдвэрлэлтийн талаар шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудыг мэдээллээр хангах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны чанарыг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Тус шүүхийн 2024 оны шүүн таслах ажиллагааны бүтэн жилийн статистик мэдээнээс харахад Монгол Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын шатны журмаар тус шүүхийн нийт 475 магадлалд гомдол гаргаснаас 127 /26.7%/ хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, 348 /73.3%/ гомдлыг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэхээс татгалзаж, буцаагдсан тоон үзүүлэлттэй байна.