ШҮҮХИЙН ЦАХИМЖИЛТЫН ЯВЦЫГ ТАНИЛЦУУЛАХ УУЛЗАЛТ БОЛЛОО
2025-01-03 | 52“Шүүхийн цахимжилтын зөөлөн дэд бүтцийг боловсруулж, нэвтрүүлэх” ажлын явцын талаар мэдээлэл өгөх уулзалт өнөөдөр /2025.01.03/ Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн “Ногоон танхим”-д боллоо.
Уулзалтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн төслийн удирдагч Т.Мөнхбаяр, гүйцэтгэгч "Ай Си Ти Групп” ХХК-ийн ажлын хэсгийн гишүүд, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын дарга Д.Өнөржаргал, Хэлтсийн дарга Х.Гантулга болон мэдээлэл технологийн мэргэжилтэн шүүгчийн туслахууд оролцсон юм.
Арга хэмжээний эхэнд Төслийн удирдагч Т.Мөнхбаяр шүүхийн цахим шийдэлд үүлэн технологи, блокчэйн, хиймэл оюун ухаан, машины тооцоолол, виртуал орчин дэмжих, е-рау, цахим төлбөр тооцооны системийн хөгжүүлэлт хийх зэрэг олон улсын дэвшилтэт, сүүлийн үеийн технологийн шийдэл бүхий өгөгдөл солилцооны интеграци бий болгох зайлшгүй шаардлага тулгарч байгааг дуулгаад шүүхийн цахимжилтийн үе шат ямар шатанд яваа талаар мэдээлэл өгсөн юм. Уг ажлыг хариуцан хийж байгаа “Ай Си Ти Групп” ХХК-ийн зүгээс Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд хэрэгжүүлэхэд анхаарах асуудлын талаар танилцуулж, шүүгчийн туслахууд сонирхсон асуултдаа хариулт авсан юм.
Дашрамд дуулгахад, “Монгол Улсын шүүхийн мэдээллийн технологийн түүх 1989 оноос 2023 он хүртэл программ хангамж, техник хангамж, мэдээллийн аюулгүй байдал, өгөгдөл солилцооны үсрэнгүй хөгжил бий болсон байдаг. Гэсэн хэдий ч мэдээллийн технологи хурдацтай хөгжиж буй өнөө үед зайлшгүй засаж сайжруулах, үйлчилгээг хялбар болгох шаардлага урган гараад байгаа юм.