-1

“ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙН ХЭРЭГ СУДЛАЛ” СЭДЭВТ УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

2024-10-09    |   153

       Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимаас  “Захиргааны эрх зүйн Хэрэг судлал” сэдэвт зөвлөлдөх уулзалтыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн “Green hall” танхимд зохион байгууллаа.

      Улсын дээд шүүхийн шүүгч, Захиргааны хэргийн Танхимын тэргүүн Д. Мөнхтуяа “Монгол улсад захиргааны хэргийн дагнасан шүүх байгуулагдсаны 20 жилийн ойн хүрээнд олон талт арга хэмжээг шат дараатайгаар зохион байгуулж буй ажлуудын хүрээнд зохион байгуулагдаж буй талаар онцолж дурдсанаар хэлэлцүүлгийг нээж үг  хэллээ. “Захиргааны эрх зүйн Хэрэг судлал” зөвлөлдөх уулзалтын чиглүүлэгчээр Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Цогт оролцсон юм.

       Хэлэлцүүлэгт Улсын дээд шүүхийн шүүгч П.Соёл-Эрдэнэ “Захиргааны эрх зүйн Хэрэг судлал-Эрх зүйн үндэс сэдвээр тавьсан илтгэлээрээ “Шүүхүүд адил төрлийн маргааныг адилхан шийдэх ёстой. Хууль хэрэглээ нэгдмэл байдал нь шударга ёсны шалгуур, хүний эрхийг хамгаалах арга байхаас гадна шүүхэд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлнэ” гэдгийг онцоллоо.

       Түүнчлэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч З.Ганзориг “Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийн судалгаа ашиглах нь” илтгэлээрээ “шүүх бүрэлдэхүүнээс хамаараад адил төстэй тохиолдолд өөр өөр шийдэл гаргаж байгаа тохиолдлыг зарим нэг жишээгээр дурдаад цаашид хэргийн судалгаа хийх, гүйцэтгэл, түүний үр нөлөөг нэмэгдүүлэх” талаар саналыг дэвшүүлжээ.

       Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Адьяасүрэн “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийн судалгаа ашиглах нь” илтгэхдээ “Захиргааны үйл ажиллагааны шийдвэрт хяналт тавих, уг шийдвэрийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх ажиллагаа, шийдвэрт тавих хяналт захиргааны хэргийн шүүхээр хязгаарлагдахгүй, гомдлыг урьдчилан шийдвэрлэх чиг үүрэг бүхий тогтолцоогоор дамжин хэрэгжиж байна” гэлээ.

        Мөн Захиргааны хэргийн танхимын шүүгчийн судлаач туслах-ахлах мэргэжилтэн Г.Хан-Уул “Хяналтын гомдолд тавигдах шаардлага, адил төстэй хэрэг, түүнийг шийдвэрлэсэн байдлын судалгааны аргачлал”,  , Шүүхийн ерөнхий зөвлөлийн Мэдээллийн технологийн газрын Дата анализ хариуцсан мэргэжилтэн Г.Мөнхбаяр: Шүүхийн шийдвэрийн цахим сан, түүний хэрэглээ", Legaldata.mn, Гүйцэтгэх захирал П.Баттулга: "Хэрэг судлалд технологи ашиглах, хэрэглээ", Judilogy төсөл, Тогтолцоо дүн шинжилгээ судалгааны хүрээлэнгийн судлаач Б.Мягмарсүрэн:  "Улсын дээд шүүхийн Хэрэг судлал" сэдвүүдээр тус тус илтгэл тавив.

      Уг хэлэлцүүлэгт Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын шүүгчид,  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчид, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчид болон МУ-ын 21 аймгийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчид /цахимаар/, өмгөөлөгч,  хэвлэл мэдээллийн байгууллага оролцлоо.

        Хэлэлцүүлгийн төгсгөлд оролцогчид асуулт, хариулт, санал, дүгнэлтээ илэрхийлж, чиглүүлэгч Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Цогт “Хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангахад “Хэрэг судлал” гэх ойлголтыг зайлшгүй хөгжүүлэх шаардлагатай” байгааг дүгнэж хэлснээр өнөөдрийн хэлэлцүүлэг өндөрлөв.

ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ

ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2024 он

 

. . .