Процессын хураангуй №1: ШҮҮХИЙН ХАРЬЯАЛЛЫГ АНДУУРАХ НЬ ӨМГӨӨЛӨГЧИЙН ХУВЬД НЭХЭМЖЛЭЛ ГАРГАХ ХУГАЦААГ ХЭТРҮҮЛСЭН ГЭХ ХҮНДЭТГЭН ҮЗЭХ ШАЛТГААН БОЛОХГҮЙ
2024-04-05 | 524Шийдвэрийн дугаар: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 221/ШТ2024/0162 дугаар тогтоол
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
2024 оны 02 дугаар сарын 29-ны өдөр, процессын хураангуй №1
Монголын өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн МТ/27 дугаар тогтоолоор өмгөөлөгч Х.Х-д Өмгөөллийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1-д заасны дагуу сахилгын шийтгэл оногдуулж, уг шийдвэрийг 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр баталгаат шуудангаар хүргүүлжээ.
Нэхэмжлэгчийн зүгээс дээрх тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгохоор 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан ба тус шүүхийн шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 9592 дугаар захирамжаар, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.2-т заасан “тухайн захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан.
Улмаар нэхэмжлэгч нь дээрх шаардлага бүхий нэхэмжлэлийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан.
ХУУЛЬ ХЭРЭГЛЭЭ, ШҮҮХИЙН ШИЙДВЭР
1. Шүүгчийн захирамж: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг анхан шатны журмаар хүлээн авч хянаад, Өмгөөллийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.4-т заасныг, нэхэмжлэгчийн “маргаан бүхий тогтоолыг баталгаат шуудангаас хүлээж авснаас хойш 30 хоногийн дотор анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг хүлээн авахаас татгалзсан тул давж заалдах шатны шүүхэд 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэл гаргасан” гэх тайлбартай харьцуулбал, мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлж буй өмгөөлөгчийн хувьд хэргийн харьяалал, нэхэмжлэл гаргах хугацаа, нэхэмжлэлийн шаардлагын төрлийг мэдэхгүй байх боломжгүй тул хуульд заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтрүүлсэн гэж үзэхгүй гэж дүгнэн, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасан үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.
2. Нэхэмжлэгчээс гомдол гаргахдаа, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, Өмгөөллийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д зааснаас үзэхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй, Мэргэжлийн хариуцлагын хорооны шийдвэрийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-47.4-т заасны дагуу илт хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан тул дээрх хугацааг тоолохгүй тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
3. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх гомдлыг хянаад, шүүхийн болон хэргийн харьяаллын хувьд хуулиар тусгай журам тогтоосон энэ төрлийн маргааны тухайд Өмгөөллийн тухай хуульд заасан гомдол гаргах хугацаа, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шүүхийн харьяаллыг баримтална.
Өмгөөлөгч Х.Х нь Мэргэжлийн хариуцлагын хорооны 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн МТ/27 дугаар тогтоолыг 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр баталгаат шуудангаар хүлээж авсан боловч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэл гаргасан нь Өмгөөллийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан нэхэмжлэл гаргах 30 хоногийн хугацааг хэтрүүлсэн гэх үндэслэл болно, өмгөөллийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлж байгаа этгээдийн хувьд нэхэмжлэл гаргах шүүхийн харьяаллыг андуурсан гэх явдал нь тийнхүү нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн гэх хүндэтгэн үзэх шалтгаан болохгүй гэж тайлбарлан, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсэн.
САНАМЖ: Энэхүү хураангуй нь шүүхийн шийдвэрийг орлохгүй ба хууль хэрэглээний нэгдмэл байдлыг тогтооход дэмжлэг үзүүлэх, шүүхийн шийдвэрийн үндэслэлийг сурталчлах болон иргэд, олон нийтийн эрх зүйн мэдлэгт зориулсан бөгөөд хураангуйд ашигласан шийдвэр нь давж заалдах шатны шүүхийн тогтоол болно.
Хураангуйг бэлтгэсэн: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч З.Ганзориг