ЦАХИМ ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТАНХИМЫН НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО.
2023-11-27 | 869“Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн эрхэм зорилгын хүрээнд шүүхийн Тамгын газраас шүүхийн нээлттэй, ил тод байдал, иргэн төвтэй шүүхийн үйлчилгээг бий болгох, шүүхийн үйл ажиллагаанд цахимжилтыг нэвтрүүлэх зорилгоор “Цахим шүүх хуралдааны танхим”-ыг байгууллаа.
Цахим шүүх хуралдааны танхимын нээлтийг хийж Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Баатархүү үг хэллээ.
Тэрээр “Одоогоос 10 жилийн өмнө “Нээлттэй шүүх” гэдэг төсөл хэрэгжээд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх анхны нээлттэй шүүх танхимыг байгуулж 11 сард нээлтээ хийж байсан. Харин өнөөдрөөс 6 жилийн өмнө Монгол улсдаа дэлхийн жишигт нийцсэн шүүх хуралдааны “Green hall” ногоон танхимын нээлтээ 11 сард хийж байжээ. Гэтэл өнөөдөр бас 11 сард “Шүүх хуралдааны цахим танхим”-ын нээлтээ хийж, шүүхийн хэмжээнд анх удаа бага зайтай талбайд, өөрсдийн дотоод нөөц бололцоогоо ашиглаад дэвшилтэд технологиор тохижуулан нээж байгаа нь бидний хувьд баяртай үйл ажиллагаа болж байна.Цахим шүүх хуралдааны танхим ашиглалтад орсноор хэргийн оролцогч төдийгүй, шүүхдээ ч ач холбогдолтой юм. Манай шүүхийн хувь орон нутгийн захирамж, тогтоол, шийдвэрийг хянадаг гэдэг утгаараа шүүх хуралдаанд цахимаар оролцох нь их байдаг.
Тэр ч утгаараа цахим танхимыг байгуулах санаачилгыг гаргаж ажилласан нь өнөөдөр биеллээ олсонд баяртай байна гэлээ.
Шүүхийн Тамгын газрын урилгаар Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн гишүүн Н.Баасанжав, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Баатархүү нар “Цахим шүүх хуралдааны танхим”-ын нээлтийн үйл ажиллагаанд оролцож, нээлтийн тууз хайчиллаа.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Н.Баасанжав хэлсэн үгэндээ: Шүүхийн цахим үйл ажиллагаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг аль болохоор хүртээмжтэй, эдийн засгийн хувьд цаг хугацаа хэмнэсэн гэхдээ түүний хажуугаар шүүх хуралдаанд оролцогчийн хувьд сэтгэл ханамжийг орхигдуулахгүй байх нь чухал билээ.
Тиймээс бид шүүх хуралдааныг цахимаар явуулахдаа иргэд, хэргийн оролцогчдын бүрэн оролцоог хангах, тэднийг техникийн асуудлаа хариуцахад нь мэдээллээр хангах тал дээр зөвлөн туслах, зөвлөмжүүдийг нийтэд таниулах хэрэгцээ шаардлага байна. Шүүх хуралдааны үеэр нийтийг хамарсан цахилгаан болон сүлжээний саатал үүсвэл хэрхэн зохицуулах, шүүх хуралдаанд оролцогчоос шалтгаалж тасалдал үүсвэл хэргийн оролцогч өөрөө хариуцах үүрэгтэйг урьдчилан мэдээлэх хэрэгцээ шаардлага байгааг хаа хаанаа анхаарах нь зүйтэй байх. Шүүхийн системд цахим ажиллагаа нь тулгамдаж буй асуудлын нэг болоод байгаа учраас бид хийхээс өөр гарцгүй юм.
Ийм сайхан техникийн болон ажиллах орчин нөхцөл бүрдсэн цахим шүүх хуралдааны танхимаа үр дүнтэй ашиглаж, иргэдэд цаг хугацаа, эдийн засгийн хэмнэлтийг мэдрүүлсэн ажил болно гэдэгт илтгэлтэй байна гээд нийт шүүгч, албан хаагчдад ажлын амжилт хүслээ.
Шүүх хуралдааны цахим танхимын нээлтийн үйл ажиллагааны төгсгөлд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын дарга Д. Өнөржаргал хэлсэн үгэндээ.
Захиргааны шүүхийн хамт олон 2024 онд шүүгч, шүүхийн захиргааны албан хаагчийн ажлын ачааллыг хэрхэн бууруулах вэ?, шүүхийн үйлчилгээг иргэдэд хэрхэн ойртуулах вэ? Төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх болон шүүхийн урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд чиглэсэн ямар ажил зохион байгуулах вэ? гэх мэт олон асуудлыг шийдвэрлэх гарцыг эрэлхийлснээр цахим шүүх хуралдааны танхимыг байгуулах ажлыг 2024 ондоо хэрэгжүүлэхийг бид хамтдаа зорьсон.
Мөн тухайн шүүхээр шийдвэрлэгдэж буй хэрэг маргааны онцлог болон нэг шүүх хуралдааны танхимын асуудлыг шийдвэрлэснээр шүүгч, шүүхийн захиргааны албан хаагчдын ажиллах орчин нөхцөл болоод шүүхээр үйлчлүүлж буй иргэд орон зайнаас үл хамааран шүүх хуралдаанд оролцох боломжийг нээж өгснөөр шүүхийн нээлттэй байдал хангагдахаас гадна, иргэн төвтэй шүүхийн үйлчилгээг бий болгох бидний зорилго нэг алхам урагшилж байна гэж үзэж болох талтай гэлээ.
Нээлтийн төгсгөлд цахим танхимын төхөөрөмжийн ашиглалтын талаар туршилт хийж үзүүлэв.
Нээлтийн арга хэмжээний төгсгөлд тус шүүхийн Ерөнхий шүүгч Д.Баатархүү “цахим шүүх хуралдааны танхимын нээлтийн үйл ажиллагаанд хүрэлцэн ирж оролцсон та бүхэндээ баярлалаа” гэснээр нээлтийн үйл ажиллагаа өндөрлөө.
ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ
ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
2023.11.27