Магадлалын хураангуй №10: Төрийн жинхэнэ алба хаагч байгууллагын захиалгаар урт хугацааны сургалтад хамрагдахаар ажлаасаа түр чөлөөлөгдсөн бол ажилгүйдлийн тэтгэмж авах эрхтэй
2023-09-15 | 643Шийдвэрийн дугаар: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 221/МА2023/0557 дугаар магадлал
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй.
2023 он 09 сар 14 өдөр, магадлалын хураангуй: №10
Нэхэмжлэгч “Б” нь Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.2-т заасны дагуу “2 жилийн хугацаатай гадаадад сургалтад хамрагдах”-аар түр чөлөөлөгдсөний дараа ажилгүйдлийн тэтгэмж авах хүсэлтийг харьяа Нийгмийн даатгалын байгууллагад гаргасан боловч суралцах хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогч төлж байхаар гэрээгээр тохирсон тул “ажилгүйдлийн тэтгэмж олгохгүй” гэж татгалзсан байна.
Ажилгүйдлийн тэтгэмж нь хуульд заасан шаардлага хангасан даатгуулагч нь ажилгүй болж, цалин орлогогүй болох үед учрах эрсдэлийг бууруулж даатгуулагчийг дараагийн ажилд орж орлоготой болох хүртэлх хуулиар тогтоосон хугацаанд, тодорхой хэмжээгээр нийгмийн даатгалын сангаас амьдралын баталгааны эх үүсвэр болгон эдийн засгийн дэмжлэг үзүүлэх зорилготой.
Иймд Захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгч Б-ийн суралцах хугацаанд ажил олгогчоос цалин, хөдөлмөрийн хөлс олгохгүй, зөвхөн нийгмийн даатгалын шимтгэлийг төлөхөөр тохиролцсон тохиолдолд тушаал гарсан үеэс амьжиргааны баталгааны эх үүсвэргүй болох тул тухайн төрлийн даатгалын шимтгэл төлж даатгуулсан, хуульд заасан шаардлага хангасан даатгуулагчийн хувьд ажилгүйдлийн тэтгэмжийг авах эрхтэй гэж үзэж, нэхэмжлэлийг хангаж, хариуцагч нийгмийн даатгалын байгууллагад “ажилгүйдлийн тэтгэмж”-ийг олгохыг даалгаж шийдвэрлэв.
Санамж:
Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.
Шийдвэрийг бүтнээр нь үзэх бол: https://shuukh.mn/single_case/5945?daterange=2023/01/01%20%202023/09/13%20&id=2&court_cat=3&bb=1
Хураангуйг бэлтгэсэн: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Мөнхжаргал