-1

Магадлалын хураангуй №5 Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан тохиолдолд хариуцлага хүлээлгэнэ

2023-02-28    |   497

Туршилтаар


Шийдвэрийн дугаар: 2022.09.15-ны өдрийн 221/МА2022/0606 дугаар магадлал

Шийдвэрийн төлөв: хүчин төгөлдөр болсон

2023 он 02сар 28 өдөр, шийдвэр-хураангуй: №5


       Төв аймаг дахь Цагдаагийн  газраас Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газарт хандан Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ 3 дугаар багийн нутагт Харганы ам гэх газарт иргэн Б.Бат нь зохих зөвшөөрөлгүй мод үржүүлгийн газар ажиллуулсан гэх зөрчлийн материалыг ирүүлсний дагуу тус газрын улсын байцаагч хяналт шалгалтын ажиллагааг явуулж, иргэн Б.Бат эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан тул 500.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

      Иргэн Б.Батын зүгээс “уг газрыг хэн ашигласан, тухайн мод тарьсан гэх газар хэний эзэмшлийн газар, мөн мод тарихад хаанаас ямар зөвшөөрөл авах шаардлагатай, мөн мод тарьсан газрыг тухайн этгээд газрыг ашигласан гэж үзэх үндэслэл болох эсэх зэрэг нөхцөл байдлыг тодорхойлолгүй шууд шийтгэлийн хуудас бичиж торгож байгаа нь үндэслэлгүй. Тухайн газрыг мод үржүүлгийн зориулалтаар ашиглаагүй харин ойр орчимд мод тарьсан. Уг мод тарьсан газрыг сайн ажиглавал үер усны зам буюу уулын жалга хэсэг бөгөөд мод тарихад ямар нэгэн байгууллагаас зөвшөөрөл авах шаардлагагүй төдийгүй хууль бус үйлдэл биш” гэж маргасан боловч анхан шатны шүүхээс нийтийн эзэмшлийн газарт мод тарьж, байшин, гэр, хүлэмж барьсан болох нь тогтоогдсон энэ тохиолдолд Зөрчлийн тухай хуульд заасан үүргээ биелүүлээгүй гэж дүгнэн, шийтгэл ногдуулсаныг хууль зүйн үндэслэлтэй гэж шийдвэрлэсэн.

      Гомдол гаргагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлоор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянаад анхан шатны шүүх маргааны үйл баримтын талаар зөв дүгнэлт хийж, хэргийг зөв шийдвэрлэсэн гэж дүгнэсэн.

      Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэхдээ “гомдол гаргагч Б.Бат нь өөрийн эзэмшлийн газарт бус бусдын эзэмшил газарт эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй мод үржүүлгийн үйл ажиллагаа явуулсан байх бөгөөд худалдаалж, ашиг олох зорилгогүй мод тарьж, хамгаалсан эсэхээс илүүтэй зохих зөвшөөрөлгүйгээр газрыг хашсан үйлдэл нь хариуцлага хүлээлгэх үндэслэл юм. Б.Батын гаргасан үйлдэл Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.3-т “нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна”, 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэснийг зөрчсөн байна гэж үзэв.

      Өөрөөр хэлбэл, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10.1-д заасны дагуу хариуцлага хүлээлгэх нь хуульд нийцнэ.


      Санамж:

      Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.


      Шийдвэрийг бүтнээр нь үзэх бол: https://shuukh.mn/single_case/5236?daterange=2022-09-15%20-%202022-09-15&id=2&court_cat=3&bb=1

      Хураангуй бэлтгэсэн: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Оюунгэрэл

 

. . .