-1

“ШҮҮХ ЭРХ МЭДЭЛ” ЭМХЭТГЭЛИЙН 2020 ОНЫ II УЛИРЛЫН ДУГААР ХЭВЛЭГДЛЭЭ

2020-07-01    |   259

     Эрхэм шүүгч, шүүхийн захиргааны ажилтан, судлаач, уншигч та бүхэнд "Шүүх эрх мэдэл” эмхэтгэлийн 2020 оны 2 дугаар улирлын дугаарыг толилуулж байна. Энэ удаагийн дугаарт иргэн, захиргааны эрх зүйн чиглэлээр өгүүлэл, нийтлэл, мэдээллийг түлхүү эмхэтгэн нийтлүүлсэн болно.

     "Шүүхийн шийдвэрийн дүн шинжилгээ” булангаараа Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлтэй холбоотой шүүхийн шийдвэрийг шинжилж дүгнэсэн, ач холбогдлыг тодотгосон, цаашид анхаарах асуудлыг дэвшүүлсэн тодорхой мэдээллийг багтаасан цогц дүн шинжилгээг хүргэсэн болно.

     "Шүүгч таны мэдлэгийн санд” буландаа Гүрж улсын шүүх дэх хэрэг хуваарилах шинэ тогтолцоо, БНСУ болон Япон улсын цахим шүүхтэй холбоотой эрх зүйн зохицуулалтын талаар ач холбогдол бүхий цаг үеийн мэдээллийг гадаад хэлнээс орчуулан бэлтгэв. Эдгээр нь шүүх дэх мэдээллийн технологи болон түүний эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, хэргийг цахимаар хуваарилах тохиолдлууд, түүнд анхаарах асуудал, санал зөвлөмжийг тусгасан мэдээллийг багтаасан юм.

     "Хэргийн хөдөлгөөний удирдлага” буланд Шүүх дэх мэдээллийн технологийн эрх зүйн орчин, Шүүгчийн ажлын ачаалал тооцох шалгуур үзүүлэлт боловсруулахтай холбогдуулан ажлын ачааллыг тооцоход ашиглах мэдээллийн эх сурвалжийн өнөөгийн байдал, шийдвэрлэх асуудал, анхан болон давж заалдах шатны шүүхэд хэрэг, маргааны төрлөөс хамаарсан ачаалал тооцох шалгуур үзүүлэлтийн жагсаалт зэргийг багтаасан нийтлэлийг тус тус хүргэж байна. Эмхэтгэлийг үнэ төлбөргүйгээр Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн цахим хуудаст (http://www.judinstitute.mn/) зочилж татан авах боломжтой юм.

 

. . .