Захиргааны хэргийн шүүхийн шүүгчдэд зориулсан сургалт эхэллээ
2019-12-13 | 245Захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчдэд зориулсан "Хууль тайлбарлан хэрэглэх онол, арга зүй: Захиргааны эрх зүй”, "Захиргааны ерөнхий хууль, Зөрчлийн тухай хууль болон тэдгээрийн процессын хуулийг хэрэглэхэд анхаарах зарим асуудал” сургалт өнөөдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд эхэллээ.
Захиргааны эрх зүй дэх хууль тайлбарлан хэрэглэх онолын мэдлэг, чадварыг дээшлүүлэх, Захиргааны ерөнхий хууль, Зөрчлийн тухай хууль болон тэдгээрийн процессын хууль хэрэглээний зарим асуудлыг тодорхойлох, хууль хэрэглээний нэгдмэл ойлголттой болох зорилготой уг сургалтыг Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл хамтран зохион байгуулж байгаа юм.
Шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын сургалтын талаар Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл нэгдсэн бодлоготой ажиллахаар төлөвлөж байгааг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Л.Атарцэцэг хэлсэн үгэндээ тэмдэглэв. Мөн тэрбээр "Захиргааны хэргийн шүүхийн шүүгчид хууль хэрэглээний мэдлэгээ бататгаж, арга зүйгээ дээшлүүлэхээс гадна тулгарч байгаа маргаантай асуудлыг харилцан ярилцаж, ойлголцох, бие биесээ суралцах нь энэ удаагийн сургалтын ач холбогдол” гэлээ.
Сургалтын эхний өдөр Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын шүүгч П.Соёл-Эрдэнэ, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш Т.Мөнх-Эрдэнэ нар "Захиргааны үйл ажиллагааны үндсэн зарчмууд, тэдгээрийн агуулга, хууль тайлбарлан хэрэглэхдээ харгалзан үзэх нь”, "Хууль тайлбарлан хэрэглэхтэй холбоотой онолын суурь асуудлууд”, "Захиргааны эрх зүйн хэм хэмжээг тайлбарлах онолын чиг хандлага”, "Захиргааны эрх зүйн хуулийг тайлбарлан хэрэглэх онцлог” сэдвүүдээр сургалтыг удирдаж явуулна.
Хоёр дахь өдөр Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн М.Батсуурь, шүүгч П.Соёл-Эрдэнэ, Г.Банзрагч, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Батбаатар нар "Шүүхээс нэгэнт тогтоосон үйл баримт ба маргах эрх”, "Захиргааны гэрээтэй холбоотойгоор гаргах нэхэмжлэлийн төрөл, тэдгээрийн онцлог, шүүхээр шийдвэрлэх буй байдал, анхаарах асуудал”, "Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь анхаарах асуудлууд” сэдвээр хичээл зааж, шүүгчид тулгамдаж буй асуудлаа хэлэлцэх юм.
Шүүхийн хэвлэл мэдээллийн хэлтэс