Захиргааны хэргийн шүүхийн хамтарсан баг мөнгөн медаль хүртлээ
2019-10-09 | 206Монголын шүүхийн шилжин явах цомын төлөөх "Хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн-2019” Дорноговь аймгийн Сайншанд хотноо өнгөрсөн баасан, бямба гаригуудад боллоо.
Дөрөв дэх жилдээ уламжлал болгон зохион байгуулж буй уг тэмцээнд 12 багийн 200 гаруй тамирчид өрсөлдсөнөөс А.Эрдэнэт ахлагчтай Улсын дээд шүүхийн баг тамирчид гурав дахь удаагаа түрүүлж, алтан медаль, аваргын цом хүртэв. Мөн Х.Гантулга ахлагчтай Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх, Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн хамтарсан баг аман хүзүүдэж мөнгөн медалиар шагнуулав. Гуравдугаар байрт, И.Амартөгс ахлагчтай Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн баг шалгарч, хүрэл медаль хүртсэн юм.
Энэ удаагийн тэмцээнийг ерөнхий шүүгчээр "Монголын хөлбөмбөгийн холбоо”-ны Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь салбарын тэргүүн Ч.Батзангиа, шүүгчээр Б.Лхагвабаатар, шугамын шүүгчээр Б.Онцгойбаяр, Э.Мөнхнаран нар ажиллалаа.
Ирэх жилийн уламжлалт тэмцээнийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх, Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүх хамтран зохион байгуулахаар болов.