“Хуульчдын холбооны шилжин явах цом”-ын тэмцээнд амжилттай оролцлоо
2019-05-20 | 221Монголын Хуульчдын холбооноос “Хуульчдын өдөр”-ийг угтан Тамгын газар, чиг үүргийн болон сайн дурын хороод, орон нутгийн салбарын гишүүдийн дунд спортын дөрвөн төрлөөр /сагсан бөмбөг, гар бөмбөг, дартс, боулинг/ “Хуульчдын холбооны шилжин явах цом-2019” тэмцээнийг 05 дугаар сарын 10-12-ны өдрүүдэд ШУТИС-ийн спорт зааланд амжилттай зохион байгууллаа.
Энэ жилээс тус тэмцээн нь өөрийн гэсэн бэлгэдлийг илтгэх тугтай болсон бөгөөд тугийг тэмцээний нээлтийн ёслолын үеэр Монголын Хуульчдын холбооны Тамгын газрын дарга Ц.Ганболд, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж, УЕПГ-ын ахлах прокурор Т.Баярсайхан, өмгөөлөгч Б.Батжаргал, Өмнөговь аймгийн салбарын зохицуулагч Э.Дөлгөөн нар залж, мандуулсан юм.
Хуульчдын холбооны хороодын үйл ажиллагааг уялдуулах, хуульчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, спортын талбарт шударгаар өрсөлдөх, мэргэжил нэгт нөхөдтэйгөө танилцаж, хамтын ажиллагаагаа бэхжүүлэх зорилгоор зохион байгуулсан тус тэмцээнд Тамгын газар, чиг үүрэг болон сайн дурын хороод, орон нутгийн салбарын нийт 13 багийн 372 (давхардсан тоогоор) тамирчин 93 багц медалийн төлөө хурд хүч, авхаалж самбайгаа дайчлан өрсөлдөж, дараах амжилтуудыг гаргасанаас Шүүгчдийн хорооны багт Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Мөнхжаргал тоглож боулингийн төрөлд хүрэл медаль, гар бөмбөгийн холимог төрөлд мөнгөн медаль, сагсан бөмбөгийн эмэгтэй төрөлд мөнгөн медаль хүртэж, нийлбэр дүнгээр Шүүгчдийн хорооны баг тамирчид дэд байрт шалгарлаа.