-1

”ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЕБС-ИЙН АХЛАХ АНГИЙН СУРАГЧИД ШҮҮХТЭЙ ТАНИЛЦАВ

2019-01-23    |   215

     Хан-Уул дүүргийн дүүргийн Засаг даргын Тамгын газрын санаачилгаар ерөнхий боловсролын сургуулийн /ЕБС/ ахлах ангийн сурагчдыг Захиргааны хэргийн анхан болон давж заалдах  шатны шүүхийн үйл ажиллагаа,  хурлын үйл явц, хууль, эрх зүйн мэдээллийг өгөхөөр сар бүр тогтсон хувиарын дагуу тогтмол зохион байгуулж ирсэн байна.  Хан-Уул дүүргийн аравдугаар сургуулийн төгсөх ангийн  25 сурагч /2018.12.24/ өдөр Захиргааны шүүхийн нэгдсэн байртай танилцав. Энэ үеэр анхан болон давж заалдах шатны шүүхийн ялгаа, “Нээлттэй танхим”, “Иргэд өөртөө үйлчлэх хэсэг”, “Шүүхийн үйлчилгээний төв” болон шүүхийн цахим сан, шүүх хуралдааны танхимтай  танилцаж,  тодорхой  хэмжээний хууль эрхзүйн мэдээлэлтэй боллоо. Эдгээр ирсэн хүүхдүүдийн ихэнх нь хуульч, өмгөөлөгч болох хүсэлтэй гэдгээ хэлж байлаа.
     Арга хэмжээний үеэр хүүхдүүд “Ногоон танхим”-тай танилцсан юм. Энэ үеэр Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүй, архивын тасгийн Эрхзүйн маргаан шийдвэрлэх хариуцсан мэргэжилтэн Б.Очир хүүхдүүдэд Захиргаа, Иргэн, Эрүүгийн  хэргийн  ялгаа болон  шүүх хуралдааны танхимд шүүх хурал хэрхэн явагддаг талаар тайлбарлаж өглөө.
     Тэрбээр “Захиргааны хэргийн  онцлог нь нэг талд нь   заавал  төр буюу төрийн байгууллага байна. Харин Иргэний шүүх гэдэг нь та нарт ойрхон жишээ авч тайлбарлахад  танай ангийн Батаа  Цэцгээд  мөнгө зээлээд  Цэцгээ нь мөнгөө өгөхгүй тохиолдолд Иргэний шүүхээр явна. Харин Эрүүгийн шүүх нь  хэн нэгэн этгээд таныг зодох, дээрэмдсэн бол зөвхөн Эрүүгийн шүүхээр явна.  Та нарыг 18 насанд хүрэхээр иргэдийн төлөөлөгчдөөр шүүхэд жил  бүр  дүүрэг, хороо бүрээс  санамсаргүй байдлаар сонгодог. Тэр хүмүүс  шүүхийн үйл ажиллагааг хөндлөнгөөс ажиглана.  Шүүхийн гурван индэрийн дунд суух шүүгч хурлыг даргална. Хоёр талд нь тухайн бүрэлдэхүүнд орсон шүүгч сууна. Шүүгч нарын урд  нарийн бичиг суудаг. Шүүх хуралдааны бүх үйл явцыг тэмдэглэл хөтөлдөг. Энэ танхим бол Монгол улсдаа жишиг болсон танхим” гэдгийг онцолж байлаа.

 
Энэ үеэр  Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүй, архивын тасгийн эрхзүйн маргаан шийдвэрлэх хариуцсан мэргэжилтэн Б.Очироос цөөн асуултад хариулт авлаа.
 
-Өнөөдрийн өдөрлөгийн ач холбогдол нь  юу вэ?
Дүүргийн засаг даргаас 2018  онд өсвөр үеийн хүүхдүүдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх талаар ажил зохион байгуулсан. Нийгэм эдийн засгийн зорилтдоо тусгаад явж  байна.  Үүний хүрээнд дүүргийн  ерөнхий боловсролын ахлах ангийн сурагчдыг сар бүр дүүргийн Эрүү, Иргэн, Захиргааны  хэргийн шүүхийн үйл ажиллагаатай танилцуулаад шүүх хуралдаанд оролцуулдаг. Өнөөдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны аравдугаар сургуулийн ахлах ангийн 20 сурагчийг захиргааны хэргийн шүүхийн үйл ажиллагаатай танилцуулах өдөрлөг болж байна. Эдгээр сурагчид  Захиргааны шүүхтэй танилцаж байгаа 150 орчим хүүхдүүдийн нэг хэсэг нь. Сурагчид ирж амжаагүй ангийнхаа бусад хүүхдүүдэд энд үзэж харж мэдсэн зүйлүүдээ ярина түгээнэ гэж бодож байна. Энэ ажлын хүрээнд 2018  онд ерөнхий боловсролын 16 сургуулийн 500 гаруй сурагчид  хамрагдсан. Ялангуяа Эрүүгийн шүүх хуралдаанууд болон танхай, хулгайн нээлттэй шүүх  хуралдаанд оролцуулж ажилласан. Ингэхдээ  18 нас хүрсэн хүүхдүүдийг шүүх хуралдааны үйл явцтай биечлэн танилцуулсан. Өөрсдийнх нь үеийн хүүхдүүд нүдэн дээр нь ялын тогтоол уншуулахыг харахаар тэд практик хичээлээс илүү чухал зүйлийг ойлгож авдаг.
 
-Цаашид 2019 онд хийгдэх үү?
– Өсвөр  насны хүүхдүүд танхай хулгай зэрэгт өртөх магадлал өндөртэй. Гэмт хэрэг гарсан хойно нь биш гарахаас нь өмнө хүүхдүүдэд урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах нь чухал. Ихэвчлэн  төгсөх ангийн хүүхдүүд ирж шүүхийн үйл ажиллагаатай танилцдаг учраас цаашдаа уламжлал болгон хийх төлөвлөгөөтэй байгаа. Түүнчлэн энэхүү үйл ажиллагааг зарим дүүргүүд өөрсдийн үйл ажиллагаандаа хэрэгжүүлж, хүүхдүүдийн эцэг эхчүүд маш их сайшаалтай хүлээн авч, үргэлжлүүлэн зохион байгуулахыг хүссэн хүсэлтүүд их ирсэн үр дүнтэй ажил болон явагдаж байна.
 
 
Хүүхдүүдэд шүүхийн мэдээллийг танилцуулан хөтөч  хийж яваа Нийслэл дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн олон нийттэй харилцах мэргэжилтэн Ж.Амаржаргалаас тодруулахад
 
-Хүүхдүүд Монгол Улсад  хоёрхон байдаг жишиг танхим "Green hall" буюу ногоон  танхимтай танилцаад явж байна. Энэ танхимын талаар мэдээлэл өгөөч?
- Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга "Польшид томилолтоор ажиллаж байхдаа Дээд шүүхийнх нь хуралдааны танхим ийм ногоон байж болохыг хараад Монгол Улсын шүүхийн түүхэнд ногоон танхимтай болохыг мөрөөдөж, түүнийгээ ч хэрэгжүүлж, тохижуулан "Green hall” гэж нэрлэсэн юм.  "Green hall” танхим нь Шүүхийн ерөнхий зөвлөлөөс тохижуулсан олон улсын жишигт нийцсэн хоёр дахь танхим. Монгол Улсын шүүгчид энэ хоёр танхимаас доогуур тохижуулсан танхимд шүүх хуралдаан явуулахгүй байгаасай гэдэг үүднээс "Жишиг танхим” гэж тодотгож байгаа юм. Нөгөө талаар шүүгчдийн оюун санааны том хэрэгцээг бий болгож, шүүхийн захиргааны байгууллагаас шүүх хуралдаан явуулах боломжийг хангасанаараа онцлог.
Ногоон танхим өнгөрсөн жил нээлтээ хийсэн.  Ногоон өнгө өөрөө эко өнгө. Шүүх  хуралдааны тогтсон танхимуудтай харьцуулбал илүү тайвшрал өгдөг  өнгө. Шүүх бол үйлчилгээний байгууллага. Тийм ч учраас шүүх хуралдааны энэ танхимын ихэнх орон зайг олон нийтэд зориулсан байгаа. Хүлээлгийн танхимын том орон зайг ч иргэддээ зориулсан.
"Green hall” танхим нь шүүх хуралдааны танхим, хүлээлгийн хэсэг, зөвлөлдөх тасалгаа, сервер, ажиглагчийн өрөөтэй. Шүүх хуралдааны танхим нь шүүгчдийн индэр, хэргийн оролцогчид болон иргэдийн хэсгээс бүрдэнэ. Хүлээлгийн хэсэгт шүүх хуралдааны явцыг лед дэлгэцээр шууд дамжуулан үзүүлэх боломжийг бүрдүүлсэн. Мөн шүүх бүрэлдэхүүн, хэргийн оролцогчдын ширээг чанга яригч, шүүх хуралдааны тэмдэглэлийг шууд хянах болон нотлох баримт шинжлэн судлахад зориулсан нотлох баримтын камераар иж бүрэн тоноглогдсон байгаа.    
 
-Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх  хуралдаанд хүүхдүүдийг суулгаж харуулдаг юм байна. Энэ нь эргээд хүүхдэд үлдэх үр өгөөж ихтэй санагдлаа?
- Сурагчдыг Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын хүсэлтээр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүднээс Эрүүгийн хэргийн анхан  шатны шүүх  хуралдаанд суулгасан байна лээ. Үе тэнгийнх нь хүүхдүүд хулгай, хар тамхитай холбогдсон тухайн хэрэг маргааны шүүх хуралдаанд ажиглагчаар суусан нь хүүхдүүдэд том сургамж болсон талаар ч сурагчид дурдаж байсан. Санамсар болгоомжгүйн улмаас хэн нэгэн найздаа тусалж байна гэж бодоод гэмт хэрэгт холбогдох нь энүүхэнд байдгийг ч ойлгож авсан. Хууль эрх зүйн чамгүй мэдээлэл олж авдаг нь  хүүхдүүдэд чухал ач холбогдолтой. Энэхүү ажлыг санаачлан хамтран зохион байгуулж байгаа Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газарт талархал илэрхийлье.
 
 
Хан-Уул дүүргийн Аравдугаар сургуулийн Түүх нийгмийн багш Ц.Чимгээ “Өмнө нь нийгмийн ухааны хичээл дээр захиргааны хэргийн шүүх ингэж явагддаг гээд л 40-80 минутын хооронд хүүхдүүдэд  тайлбарлаад онолын түвшинд заадаг байсан. Харин өнөөдөр хүүхдүүдэд шүүн таслах үйл ажиллагаа хэрхэн явагддаг талаар илүү практик талдаа харлаа.  Маш  чухал өдөрлөг боллоо” гэв.
 
 
Тус сургуулийн  төгсөх ангийн сурагч Б.Энхжин “Нийгмийн хичээл дээр захиргааны эрх зүй ордог. Мөн ажил мэргэжлийн чиг баримжаа гэдэг хичээл энэ жилээс ахлах ангийн сурагчдад орж эхэлсэн. Би  өмгөөлөгч болно гэсэн зорилтыг өөртөө тавьсан. Өнөөдөр  захиргааны хэргийн шүүхийн талаар мэдээлэлтэй боллоо. Олон ч танхимуудаар орж харсан. Онолын хичээлээс илүү практик тал дээр  өөрөө харж үзэх нь бидэнд илүү ойр, сайхан байлаа. Ногоон танхимыг ийм гоё гэж төсөөлөөгүй. Зурагтаар шүүх танхимуудыг харахаар жижигхэн өрөөнүүд л байдаг”.
 
Насанд хүрээгүй хүүхдүүд бусдын эд хөрөнгийг хулгайлах, дээрэмдэх, танхайрах, булаах, хар тамхи хэрэглэх зэрэг гэмт хэрэгт ихэвчлэн холбогддог судалгаа бий.  Тэдний  гэмт хэрэг үйлдсэн санаа, сэдлийг тодруулахад хууль, эрх зүйн мэдээлэл муутай байдгаас хэмээн ихэнх нь  хариулсан байдаг байна. Иймд өсвөр насны хүүхдүүдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тэдний эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад шүүх танхимаас бодит сургалтыг өгч тодорхой үр дүнд хүрч бусад дүүргүүд хэрэгжүүлж байгааг энд онцлон хэлье.
 
 
 
 
 
 
 
Эх сурважл: www.news.mn

. . .