ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЛЭЭ
2025-04-17 | 80Дотоод хэргийн их сургуулиас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Олон Улсын Эрдэм шинжилгээний хурал 13 дахь удаагаа зохион байгуулагдлаа.
“Эрх зүйн процесст хиймэл оюун ухааныг ашиглах боломж, хэрэгцээ, шаардлага” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хуралд Монгол улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Оросын холбооны улс, Казахстан улс, Бүгд Найрамдах Солонгос Улс, Малайз зэрэг улс орны нийт 43 эрдэмтэн, судлаач судалгааны ажлаа ирүүлсэн байна. Эдгээрээс 8 илтгэл хэлэлцүүлсний нэг нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын дарга Д.Өнөржаргалын “Эрх зүйн процесст хиймэл оюун ухааныг ашиглах хэрэгцээ, шаардлага” илтгэл байлаа.
Тэрээр “Шүүхийн шийдвэрийн цахим системд хиймэл оюун ухааныг нэвтрүүлэх хэрэгцээ, шаардлага”-аар илтгэлийн хүрээ, хязгаараа тогтоосон бөгөөд “Монгол Улсын шүүхийн шийдвэрийн цахим системийн өнөөгийн байдал, хэрэглээний түвшинд дүн шинжилгээ хийхийн зэрэгцээ хиймэл оюун ухааныг энэхүү системд нэвтрүүлэх хэрэгцээ, боломжийг тодорхойлж, олон улсын туршлага, бодит жишээнд тулгуурласан оновчтой шийдлүүдийг санал болгосон байна.
Энэ нь шүүхийн шийдвэрийг илүү ойлгомжтой, хүртээмжтэй, хүний эрхийн зөрчилгүй, шинжлэх ухаанд суурилсан арга хэлбэрээр иргэд, шүүгч, судлаачдад хүргэх, улмаар шүүхийн үйл ажиллагааны чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, шүүхийн ил тод байдлыг сайжруулах, шүүхийн хөгжлийг шинэ түвшин хүргэх чухал алхам болно” гэжээ.