“MOCK TRIAL-2025” ШҮҮХИЙН МЭТГЭЛЦЭЭНИЙ ТЭМЦЭЭНИЙ НЭЭЛТ “GREEN HALL” ТАНХИМД ЭХЭЛЛЭЭ
2025-04-05 | 214“MOCK TRIAL-2025” шүүхийн мэтгэлцээний тэмцээн өнөөдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн “GREEN HALL” буюу ногоон танхимд нээлтээ хийлээ.
“Алтаргана” хууль зүйн товчооноос Авлигатай тэмцэх газар, Боловсролын ерөнхий газар, Дотоод хэргийн их сургуультай хамтран зохион байгуулж буй уг тэмцээнийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Монголын хуульчдын холбоо, Монголын өмгөөлөгчдийн холбоо нийгмийн хариуцлагын хүрээнд дэмжин оролцож байна.
Уг тэмцээнд Эрүүгийн хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэдэг маргааны төрөл, авлигын гэмт хэргийн шийдвэрлэлтийн кейст тулгуурлан Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургууль, Дотоод Хэргийн Их сургууль, Шихихутуг хууль зүйн их сургууль, Отгонтэнгэр Их сургууль, Их Засаг их сургуулийн 90 гаруй оюутнууд мэдлэг, ур чадвараа сорин өрсөлдөх юм.
Арга хэмжээний нээлтэд Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан, комиссар М.Жамъяанчойжил, Монголын өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч Л.Данзанноров нар үг хэлж, тэмцээнд оролцогчдод амжилт хүслээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын дарга Д.Өнөржаргал нээлтийн үеэр хэлсэн үгэндээ “Хуулийн салбарын байгууллагууд ирээдүйн чадварлаг хуульчдыг бэлтгэн гаргах ажлыг хамтран зохион байгуулж буйд таатай байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дахь мэтгэлцээний ур чадварыг нэмэгдүүлэх нь хүний эрхийн суурь зарчмыг хангахаас гадна чадварлаг хуульчдыг бэлтгэхэд чухал ач холбогдолтой юм.” гэв.
Тус шүүхийн Тамгын газраас санаачлан энэ удаагийн мэтгэлцээнийг шүүхийн цахимжилттай уялдуулан, шүүх хуралдааны шууд дамжуулалтын арга, хэлбэрийг ашиглан иргэд, олон нийтэд хүртээмжтэй байдлаар зохион байгуулж буйгаараа шинэлэг болж байна.
Одоогийн байдлаар “MOCK ТRIAL-2025” тэмцээн нь Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны танхимуудад явагдаж байгаа бөгөөд аварга шалгаруулах сүүлийн шатны тэмцээнийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн https://www.facebook.com/AppealsCourt холбоосоор шууд дамжуулагдах тул сонирхсон иргэд, судлаач, оюутнууд үзэж боломжтой.