-1

“Нийтийн ашиг сонирхлыг хамгаалахтай холбоотой захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дахь шүүхийн практик” хэлэлцүүлэг боллоо

2020-10-05    |   335

Нээлттэй нийгэм форум (ННФ) нь Монголын хуульчдын холбооны Захиргааны эрх зүйн хороотой хамтран “Нийтийн ашиг сонирхлыг хамгаалахтай холбоотой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа: Захиргааны хэргийн шүүхийн практик” сэдэвт судалгааны тайланг танилцуулсан ба уг судалгаа нь нийтийн эрх ашгийн өмгөөлөл хийж буй төрийн бус байгууллагуудад тулгарч буй саад бэрхшээл, тэдгээрийн гарц шийдлийг тодорхойлох зорилготой юм. 

Уулзалт хэлэлцүүлэгт Монголын  хуульчдын холбооны Захиргааны эрх зүйн хорооны Удирдах зөвлөлийн гишүүн, Судалгааны багийн ахлагч Р.Мөнхзул: Судалгааны танилцуулга, шүүхийн практиктай холбоотой асуудлуудыг танилцуулсан бол Судлаач Д.Баяр: ТББ-ын шүүхэд төлөөлөх эрх, тулгамдсан асуудал сэдвээр, Судлаач С.Билгүүн: “Нийтийн ашиг сонирхлыг шүүхэд төлөөлөн хамгаалах эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох шаадлага сэдвээр тус тус илтгэл тавьж асуултад хариулт өглөө.

Монгол Улсад нийтийн эрх ашгийн өмгөөлөл буюу стратегийн өмгөөлөл өргөжин хөгжихөд тулгарч байсан гол бэрхшээл нь нийтийн ашиг сонирхлыг хэн төлөөлөн шүүхэд хандах эрхтэй вэ гэдэг асуудал байлаа.  Харин 2016 онд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль шинэчлэн батлагдсанаар төрийн бус байгууллагууд нийтийн ашиг сонирхлыг Захиргааны хэргийн шүүхэд төлөөлөн хамгаалах эрх зүйн боломж үүссэн.  

Нийтийн эрх ашгийн өмгөөлөл нь хуулийн хэрэгжилт, сахилга, хариуцлага, шударга ёсыг шаардах, төрийн бодлого зохицуулалтыг боловсронгуй болгох, Үндсэн хуулиар баталгаажсан хүний эрх, эрх чөлөөг хангаж, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдөхөөс сэргийлэх жишиг тогтоох ач холбогдолтой.  Иймд уг судалгаагаар шинэ тутам бий болсон эрх зүйн боломжийг ашиглан Захиргааны хэргийн шүүхээр хянан шийдвэрлэгдсэн нийтийн ашиг сонирхолтой холбоотой хэрэг маргааныг (2016 оны 7 дугаар сараас 2018 оны 12 сарыг хүртэлх хугацаанд улсын хэмжээнд) хянан шийдвэрлэх ажиллагаанд дүн шинжилгээ хийсний үр дүнд: 

  • Хуулийн хэрэглээ буюу нийтийн ашиг сонирхлыг хамгаалах шүүхийн практикт анхаарах асуудал
  • Энэ төрлийн үйл ажиллагаа явуулж ТББ-уудын анхаарах асуудал
  • Хууль тогтоомжийг цаашид боловсронгуй болгох хэрэгцээ шаардлага гэсэн чиглэлээр дүгнэлт,  зөвлөмж  боловсруулсан байна.  

Хэлэлцүүлэгт захиргааны хэргийн анхан шатны болон давж заалдах шатны шүүгчид, Монголын хуульчдын холбооны гишүүн өмгөөлөгчид, ялангуяа нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр мэргэшин ажиллаж буй хуульч, өмгөөлөгч нар оролцлоо. 

Судалгааны тайланг бүрэн эхээр нь ННФ-ын  http://forum.mn/res_mat/2020/OSF_LitigationMarch30.pdf  цахим хуудаснаас авч үзнэ үү.

Захиргааны хэргийн давж заалдах шатны

шүүхийн Тамгын газар

. . .
Цаг үеийн мэдээ