-1

ШҮҮХИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦУУЛАХ, ТУРШЛАГА СОЛИЛЦОХ УУЛЗАЛТ БОЛЛОО

2023-06-14    |   479

       Дорноговь аймаг дахь шүүхийн Тамгын газраас 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх, шүүхийн Тамын газрын үйл ажиллагаатай танилцах, туршлага солилцох хүсэлт ирүүлснийг хүлээн авч, улмаар Дорноговь аймгийн анхан болон давж заалдах шатны шүүхийн тамгын газрын ажилтнуудтай туршлага солилцох уулзалт, ярилцлагыг 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдөр “Green Hall” буюу ногоон танхимд зохион байгууллаа.

      Дээрх арга хэмжээний хөтөлбөрийн дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын дарга Д.Өнөржаргал нь “Хувь хүний зан төлөв” сэдэвт сургалт орохоос гадна захиргааны менежментийг хэрэн хэрэгжүүлсэн талаарх туршлага мэдээлэл солилцлоо.

      Мөн “Шүүхийн тамгын газрын 2022 оны онцлох ажлын тайлан”, түүнийг бичих аргачлал, гүйцэтгэлийн биелэлтийг хэрхэн бичих талаарх зөвлөгөө, мэдээллийг өгч захиргааны албан хаагчдын сонирхсон асуултад хариулт өгч, туршлага хуваалцан сонирхолтой яриа өрнүүллээ.

      Түүнчлэн Дорноговь аймаг дахь шүүхийн тамгын газрын алба хаагч нарын төлөөллөөс Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх, шүүхийн Тамгын газрын үйл ажиллагаатай танилцаж, туршлага солилцсонтой холбоотойгоор өөрсдийн сэтгэгдлийг хэлэхдээ “Танай шүүхийн нэвтрүүлсэн олон шинэ шинэлэг ажлууд нь шүүхийн үйл ажиллагааг илүү иргэдэд нээлттэй болгож, үлгэр жишээ нээлттэй шүүхийн жишиг болсон байна.

      Бидний хүсэлтийг хүлээн авч шүүхийн тамгын газрын албан хаагч нарт сургалт зохион байгуулан, биднийг найрсгаар угтан авсан танай шүүхийн хамт олонд баярлалаа, цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье” гэлээ.


ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2023 он

 

. . .