-1

Шүүхийн “Green Hall” танхимд Морин хуурын чуулга бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглолоо

2023-05-26    |   630

       Улсын Филармони байгуулагдсаны 50 жил, Симфони найрал хөгжим үүссэний 65 жил, Морин хуурын чуулгын 30 жилийн ой гээд гурван ой давхацсан жилийн хүрээнд хэрэгжүүлж буй “Хөгжмийг хүн бүрд” хөтөлбөрт шүүхийн шүүгч, ажилчдыг хамруулж Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн “Green Hall” танхимд Морин хуурийн чуулга хуураа татлаа.  

      Арга хэмжээг нээж шүүгч Э.Лхагвасүрэн үг хэллээ:

      "1992 оны 7 дугаар сард Морин хуурын чуулга байгуулах тухай Засгийн Газрын тогтоол гарч, 1993 оны 1 дүгээр сард Хөгжим бүжгийн дунд сургууль дээр байрлаж, чуулгын бүрэлдэхүүнээ тогтож, бэлтгэл сургуулилтаа эхлэн тус оны 4 дүгээр сарын 16-нд анхны тоглолтоо хийж үзэгч түмэндээ Морин хуурын чуулга гэдэг байгууллагыг танилцуулжээ. 1994 оны 6 дугаар сарын 1-ээс Засгийн Газрын шийдвэрээр Ц.Намсрайжавын нэрэмжит Улсын филармонийн бүрэлдэхүүнд оржээ.

      Өнөөг хүртэлх дэлхийд Монгол улсын соёлыг түгээсэн 30 жилийн хугацаанд монголын болон дэлхийн сонгодог хөгжмийн зохиолчдын олон мянган бүтээлийг тоглосон байна. Анх 1996 оны 2 дугаар сард ОХУ-ын Улаан-Үд хотод 24 уран бүтээлчтэй айлчлан тоглолт хийснээс гадна 50 гаруй удаа гадаадад уран бүтээлээ толилуулж, Хятад, Орос, Япон, Солонгос, Америк, Франц, Канад, Турк, Макао, Австри, Герман, Итали, Тайван зэрэг орны дэлхийд алдартай тайзан дээр тоглосны дотор Япон улсад гэхэд 20 удаа уригдаж байжээ.

      Монгол хүн бүрийн бахдам түүхийг бүтээж “Морин хуурын чуулга” 2022 оны 12 дугаар сарын 01-ны өдөр бүрэн бүрэлдэхүүнээрээ Японы Токио хотноо “NHK Hall” танхимд, АНУ-ын Нью Йорк хотын “Carnegie Hall” танхимд, ЮНЕСКО-ийн НҮБ-ын танхим, БНХАУ-ын үндэсний урлагийн “Сувдан танхим”, Австрийн Вена хотын Филармони зэрэг дэлхийн сор болсон танхимуудад Монгол улсынхаа нэрийг мандуулж морин хуурын хоёр чавхдаст дэлхийг багтаасан хуураа татжээ. Ингээд бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн Морин хуурын чуулгын хамт олонд нийт албан хаагчдынхаа өмнөөс баярлалаа" гэв.  

      Морин хуурын чуулгын удирдаач Д.Түвшинсайхан шүүхийн  хамт олонд хандан үг хэлэхдээ:

      "Бид дэлхийн олон тайзнаа тоглолтоо хийж байсан. Монголдоо хүүхдийн байгууллага, Төрийн хүндэтгэлийн арга хэмжээнд л бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглож байсан.

     Морин хуурын чуулгыг урьсан та бүхэндээ баярлалаа. Биднийг бүрэн бүрэлдэхүүнээр нь анх удаа төрийн байгууллага тэр дундаа шүүхийн байгууллага урьснаар шүүхийн шүүх хуралдааны танхимд тоглолт хийж үзэж байна. Үнэхээр сүрдэм сайхан танхимтай юм байна.

      Ажлын ачаалал, цаг зав бага болохоор тэр бүр бидний тоглолтыг очиж үзэх боломжгүй байдаг байх. Хөгжмийг ойлгодог, мэдрэмжтэй хүмүүст тоглолт хийж, хөгжмийн гайхамшгийг таниулсанд баяртай байна. Та бүхэн сэтгэлийн амар амгалан, тайвшралыг авч чадсан гэдэгт итгэлтэй байна.

      Бид хоёр мяндасны хавиралдаанаар хүний сэтгэлийн утсыг хөндсөн хөг аялгуу  гаргадаг хөгжим Монголд л байдгаараа бахархдаг."

      Морин хуурын чуулгын тоглолт “Монгол аялгуу”-аар нээж, "Өнө мөнх орон", "Сэтгэлийн эгшиг", "Найман шарга", “Хутагтын сахиус”, "Алтан өргөө", "Сэтгэлд шингэсэн говь" аялгуугаар үргэлжлүүлж, “Чилүгэн” морин хуурын дөрвөл, “Ятгын дөрвөл” хамтлаг, хөөмий, "Цагаан суварга", "Сэрсэн тал" аялгуугаар өндөрлөлөө.

      Тоглолтын хаалтыг хийж ерөнхий шүүгч Д.Баатархүү үг хэллээ.

      "Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирж уран бүтээлээ хүргэсэн Морин хуурын чуулгын хамт олондоо баярлалаа.

      Энэ үйл явдал анх удаагаа болж байна. Ногоон танхимын маань жаврыг үргээсэн, хамт олны маань нүдийг баясгаж, сонорыг мялаасан та бүхнийг урлагийн Янжинлхам бурхан үргэлж ивээж байх болтугай" гэж ерөөснөөр арга хэмжээ өндөрлөлөө.

      “Хөгжмийг хүн бүрд” хөтөлбөрт Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, ажилчид болон урилгаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, ажилчид хамрагдлаа.


ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

. . .