Магадлалын хураангуй №7 Захиргаа тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохдоо хүндэтгэн үзэх шалтгаант байдлыг тодруулах үүрэгтэй
2022-12-09 | 512Туршилтаар
Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.
Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын шийдвэрээр “хуульд заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт төлөөгүй” гэх үндэслэлээр “Х” ХХК-ийн ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалсан, “Х” ХХК-ийн төлөөлөгчөөс “... хүндэтгэн үзэх нөхцөл байдлыг захиргааны байгууллагын зүгээс анхааран үзээгүй, хуульд заасан гүйцэтгэвэл зохих ажиллагааг хэрэгжүүлээгүй, мэдэгдлийг зохих этгээдэд хүргүүлээгүй, ... миний нөхөр буюу тус компанийн гүйцэтгэх захирал тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх байсан хугацаанд өвчний улмаас нас барсан, захиргааны байгууллагаас ирүүлсэн албан бичгийг хүлээн аваад энэ талаар мэдсэн, тус компанийг өвлөн авч, улсын бүртгэлд бүртгүүлснээр компанийг төлөөлөх эрхтэй болж тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөх боломжтой болсноор төлбөрийг төлсөн” гэж тайлбарлан тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрийг хүчингүй болгуулахаар маргажээ.
Анхан шатны шүүх “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн тухайн жилийн төлбөрөө төлөөгүй, ... захиргааны байгууллагын хэрэгжүүлсэн үйл ажиллагаа хуульд нийцсэн, ... Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу сонсох ажиллагаа хийх шаардлагагүй, ... компанийн эзэмшигч буюу итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нь тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх тухайн цаг хугацаанд нас барсан байсан гэдгийг тогтоох үүргийг захиргаа хүлээхгүй” гэх дүгнэлтийг хийж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Давж заалдах шатны шүүх “захиргааны байгууллага “Х” ХХК-д тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн болон цуцалсан талаарх мэдэгдлүүдийг компанийн бүртгэлтэй хаягаар, шуудангаар хүргүүлж мэдэгдэх ажиллагааг хийсэн, гэвч “Х” ХХК нь 1 гишүүнтэй, захирал нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөх хуульд заасан хугацаанаас өмнө нас барснаар компани удирдлагагүй болж тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөх боломжгүй нөхцөл байдал үүссэн, улмаар түүний эхнэр компанийн талаар мэдэж, компанийн эрх болон хувьцааг өвлөн авч, захирлаар томилогдож тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх, тухайн компанийн үйл ажиллагааг хэвийн явуулах, эрх зүйн харилцаанд орох боломжтой болсон хүндэтгэн үзэх шалтгаан байх тул маргаан бүхий шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхол хөндөгдсөн” гэж үзээд тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрийг хүчингүй болгосон. Өөрөөр хэлбэл, тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөх хуульд заасан хугацаанаас өмнө 1 гишүүнтэй тус компанийн захирал нас барж, үүрэг нь эрх залгамжлагчид шилжээгүй тохиолдолд компани хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй тул захиргаа тухайн хүндэтгэн үзэх шалтгаант байдлыг тодруулалгүй тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон нь буруу гэж шүүх дүгнэсэн.
Шүүхийн шийдвэрүүд:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020.05.15-ны өдрийн 128/ШШ2020/0331 дүгээр шийдвэр, https://shuukh.mn/single_case/6802?start_date=&end_date=&id=1&court_cat=3&bb=1
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.02.16-ны өдрийн 221/МА2022/0123 дугаар магадлал, https://shuukh.mn/single_case/4758?daterange=2022-01-01%20-%202022-12-09&id=2&court_cat=3&bb=1
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.
Хураангуйг бэлтгэсэн: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Долгорсүрэн