Процессын хураангуй №3 МӨХ-ны МХХ-ны маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан тогтоол нь захиргааны акт биш тул захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаанд хамаарахгүй
2022-10-18 | 1045Туршилтаар
Санамж:
Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.
Шийдвэрийн дугаар: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.10.05 №799 дүгээр тогтоол
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
Өмгөөлөгч Батаас Монголын Өмгөөлөгчийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны тогтоолыг эс зөвшөөрч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүхээс “.. уг маргаан нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрлэх маргаан байна” гэх үндэслэлээр, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байна.
Өмгөөлөгч Бат уг шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасныг давж заалдах шатны шүүх хянаад шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулж, Батын гомдлыг хангахгүй орхив.
Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны тогтоолоор тус хороонд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “хорооны нэр бүхий гишүүнийг татгалзах тухай” оролцогчийн хүсэлтийг шийдвэрлэсэн, уг тогтоол “захиргааны акт” биш, уг маргааныг захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэхгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Мэргэжлийн хариуцлагын хорооны маргаан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан уг тогтоол нь өмгөөлөгчид холбогдох маргааныг эцэслэн шийдвэрлээгүй, өмгөөлөгч Батад чиглээгүй, түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн, хариуцлага хүлээлгэсэн “захиргааны акт”-ын шинжийг агуулаагүй байна. Өөрөөр хэлбэл, процессийн хувьд МХХ-ны маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байгаа, эцэслэн шийдвэрлэсэн аливаа нэгэн шийдвэр гараагүй байх тул маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “хорооны нэр бүхий гишүүнийг татгалзах тухай” оролцогчийн хүсэлтийг шийдвэрлэсэн тогтоолыг захиргааны хэргийн шүүх хянахгүй.
Иймд давж заалдах шатны шүүх шүүгчийн захирамжид “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан өөрчлөлт оруулж, өмгөөлөгч Батын гомдлыг хангахгүй орхив.
Хураангуй бэлтгэсэн: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Долгорсүрэн