-1

ИРГЭДИЙН ШҮҮХЭД ИТГЭХ ИТГЭЛИЙГ НЭМЭГДҮҮЛЭХЭД ШҮҮХИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЧУХАЛ БАЙР СУУРЬТАЙ

2022-05-26    |   534

 

 

Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч К.Жархынбектэй шүүхийн үйлчилгээний талаар олон нийтийн сүлжээнд бичсэн сэтгэгдэлтэй нь холбогдуулан дараах ярилцлагыг хийлээ.

 

 

 

 

     -Танд энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Та өөрийн facebook цахим хуудсанд “Захиргааны хэрэгт төлөөлөгч, өмгөөлөгчөөр ажилладаг болсноос хойш арваад жил болж байна. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн захиргааны ажилтнуудын хэргийн оролцогчид үзүүлж буй үйлчилгээ, харилцаа үнэхээр сайн гэдгийг манай хуульчид мэднэ. Шүүхэд ирж буй иргэн бүрт зөв ойлголт өгч, маргаанд ялагдсан ч шүүхийн үйлчилгээнд сэтгэл хангалуун буцах нь хамгийн чухал. Шүүхэд итгэх иргэдийн итгэл үйлчилгээнээс эхэлдэг. Бусад шүүхүүд энэ хоёр шүүхээс туршлага судлаасай гэж хүсч байна” гэх нийтлэлийг оруулсан байсан. Энэ талаарх сэтгэгдлээ дэлгэрэнгүй бидэнтэй хуваалцаач.

     Миний хувьд 2013 оноос захиргааны хэргийн шүүхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч гэсэн статустайгаар оролцож ирсэн учраас захиргааны хэргийн шүүхийн үйл ажиллагааны талаар хангалттай сайн мэднэ. Бусад шүүхүүдтэй харьцуулахад танай шүүх болон Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь нээлттэй, хүртээмжтэй, үйлчилгээ сайтай байдаг гэж хувьдаа боддог. Яагаад гэвэл шүүхээр үйлчлүүлж буй иргэн, хуулийн этгээд, албан тушаалтан хэн ч байсан адил тэгш мэдээллээр хангаж, шүүхийн захиргааны ажилтнуудын хувьд хуулиар олгосон эрх хэмжээнийхээ хүрээнд зөвлөгөө, мэдээ мэдээллийг өгч, шүүхээс гарч буй аливаа шүүхийн шийдвэр, үйл ажиллагааг зөв ойлгуулж таниулж байгаа нь шүүхээр үйлчлүүлж буй иргэд, хуулийн этгээдийн эрх ашгийг хүндэтгэж байгаа ажил гэж үздэг. Тийм дээ ч шүүхийн шийдвэр ойлгомжтой, үндэслэлтэй гардаг байх. Нөгөө талаасаа шүүх хуралдаанд оролцогч болон шүүгч, шүүх бүрэлдэхүүний харьцаа маш сайн байдаг гэж ойлгож байгаа. Шүүхээр анх удаа үйлчлүүлж буй иргэн маш их айдастай орж ирдэг. Ярьж байгаа тайлбар, гомдол чинь буруу гээд буруутгах эсхүл буруу юм яриад байна гэж загнаж буй мэт өнгө аястайгаар харьцвал шүүх хуралд оролцож байгаа энгийн иргэд хэлнэ гэсэн зүйлээ хэлж чаддаггүй. Шүүгч нарын харилцаа бусад шүүхийн шүүгч нараас илүү сайн гэж харж байгаа. Хэргийн оролцогч болон шүүгч, шүүх бүрэлдэхүүний харилцаа сайн байх нь эргээд иргэний Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон үгээ хэлэх, шүүхэд гомдлоо мэдүүлэх эрхээ эдлэхэд маш том дэмжлэг болдог.

     -Өмнө таны хувьд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагч байгууллага, албан тушаалтныг шүүхэд төлөөлж оролцоход, дараа нь нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийг төлөөлж оролцоход шүүхийн үйлчилгээний хувьд ялгамжтайгаар үйлчилгээ үзүүлэх зэрэг үйлдэл ажиглагдаж байсан уу?

     Ялгаа бол байгаагүй. Өөрөөр хэлбэл, шүүхээр үйлчлүүлж буй өмгөөлөгч, иргэн, албан тушаалтанд шүүхийн зүгээс адил, тэгш ханддаг. Энэ хүн төрийн байгууллага, албан тушаалтныг төлөөлж байгаа гэдэг утгаар нь илүү хандаж, үйлчилгээ үзүүлэх, иргэн, хуулийн этгээдийг төлөөлөгч байгаа гээд дутуу, хангалтгүй үйлчилгээ үзүүлж ялгамжтай байдлаар хандсан зүйл бол гарч байгаагүй.

     -Шүүхийн захиргааны ажилтнуудын хувьд өөрийн чиг үүрэгт хамаарах ажил үйлчилгээг хэрэгжүүлэхдээ шүүхээр үйлчлүүлж буй төрийн байгууллага, албан тушаалтан, иргэн, хуулийн этгээдэд тэгш, хүртээмжтэй, түргэн шуурхай байдлаар ажилладаг. Үүнийг олж харж бидний ажлыг үнэлж буй явдалд талархсан сэтгэгдлээ илэрхийлж байна. Дан ганц захиргааны шүүх гэхгүйгээр шүүхийн хувьд ямар байдлаар шүүхийн үйлчилгээг зохион байгуулбал илүү хүртээмжтэй, иргэдийн шүүхэд мэдүүлэх эрхийг хангаж, шүүхэд итгэх итгэлийг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулах талаар өмгөөлөгчийн хувьд бодож явдаг зүйл байгаа болов уу?

     Миний хувьд хэд хэдэн зүйлийг бодож явдаг.

     Нэгдүгээрт шүүхээр зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр ирж буй иргэн, хуулийн этгээдийн хувьд маш их бухимдалтай байдаг. Эдгээр хүмүүсийн хувьд гомдлоо гаргаж, үгээ хэлж байна гэдэг талаас нь хүлээж аваад зөв ойлгуулж, ойлголцоод гаргах нь чухал асуудал гэж хардаг. Аливаа маргааны хувьд ойлголцолд хүрэх шиг сайхан зүйл байдаггүй.

     Хоёрдугаарт шүүх хуралдааны болон шүүх хуралдаанаас бусад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн болон бусад оролцогч нар хэлэхээр бодсон зүйлээ бүгдийг хэлсэн байхад сэтгэл хангалуун буцдаг. Шүүх хуралдаан оролцож байгаа хэргийн оролцогч иргэний үгийн таслах, хэлүүлэхгүй байх нь шүүгч, шүүх бүрэлдэхүүн миний эсрэг байгаад байна гэх ойлголтыг төрүүлдэг. Энэ талаар ч миний үйлчлүүлэгч нарын хувьд нэлээдгүй хэлдэг байсан.

     Хэрэг маргааны хүрээнд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарыг аль болох сонсох нь маш чухал. Гэхдээ сонсоно гэдэг нь хэрэгт хамааралгүй, хуулиас гадуур, хэн нэгнийг гүтгэсэн, доромжилсон, баримтгүй зүйлийг ярихыг хэлэхгүй. Үүнийг үйлчлүүлэгч нартаа ойлгуулахад хуульч нарын оролцоо ч чухал. Нөгөө талаасаа хэрэгт хамааралтай, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд ярихыг шүүхийн зүгээс тайлбарлаад ойлгуулчихвал шүүхээр үйлчлүүлж буй иргэн, хуулийн этгээдийн хувьд хэлэх гэсэн зүйлээ хэлсэн гэдэг сэтгэгдэлтэйгээр гарах болов уу. Шүүх хуулийн хүрээнд хэрэг маргааныг шийдвэрлэдэг бөгөөд энэ нь хүн болгонд таалагдах албагүй. Иргэн шүүх хуралдаанд үгээ хэлж, гомдлоо хангалттай мэдүүлсэн бол шүүхийн шийдвэр эсрэг гарсан ч сэтгэл хангалуун байдаг. 

     Эрүү, иргэн, захиргааны шүүхүүдийг харьцуулж болохгүй байх л даа. Шүүхээр үйлчлүүлж буй иргэдийн тоо, хэрэг маргааны төрөл, маргааны байдал зэргээр өөр өөр боловч аль ч шүүхээр үйлчлүүлж буй иргэдэд гэм буруутай эсвэл заргач хүн мэт сэтгэгдлийг төрүүлэхгүй байх нь чухал юм шиг санагддаг. Шүүхийн хувьд шүүхийн хаалгаар орж ирсэн үеэс нь авахуулаад асуудлыг нь сонсдог, хэрэгтэй мэдээ, мэдээллээр хангаад ажиллахад иргэд шүүх эрхийг маань хамгаалах юм байна гэх сэтгэгдлийг авч шүүхэд итгэх итгэл дээшлэх юм болов уу гэж хардаг.

     Зарим үед жижиг зүйл мэт боловч шүүхээр  явахаар хэцүү юм байна гэх залхсан  байдлаас болж нэхэмжлэлээсээ татгалзах, дэмжихгүй орхих зэргээр дундаас нь орхих явдал байдаг. Иргэн, хуулийн этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэхэд шүүх чухал чиг үүрэгтэй учраас шүүхэд итгэх иргэдийн итгэлийг дээшлүүлэх хэрэгтэй.  Иргэдийн шүүхэд итгэх итгэлийг нэмэгдүүлэхэд шүүхийн үйлчилгээ чухал байр суурьтай гэлээ.


ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН  ТАМГЫН ГАЗАР

2022.05.26

. . .
Цаг үеийн мэдээ