“Шүүхийн байранд мэдээлэл түгээх журам”-ын хэрэгжилтийг ханган ажиллаж байна
2021-01-19 | 834Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газраас Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2017 оны А/47 дугаар тушаалаар баталсан “Шүүхийн байранд мэдээлэл түгээх журам”-ын дагуу шүүхийн ил тод нээлттэй байдлыг хангах, шүүхийн байранд олон нийтэд мэдээлэл түгээх зорилго бүхий мэдээллийн самбаруудын цэсийг нь өөрчилж мэдээллүүдээ шинэчлэн байршууллаа.
Журмын хэрэгжилтийг хангах үүднээс “Нээлттэй шүүх” танхимд байрлах 3 дэлгэцээр хаалттайгаас бусад шүүх хуралдааныг дамжуулах, цахим шүүх хуралдаанд шүүхийн байранд ирж оролцож буй иргэдийг тусгаарлан суулгаж хуралдаанд оролцуулах, бусад үед иргэдэд зориулсан шторкийг улирал бүрээр Шүүхийн ерөнхий зөвлөлөөс ирүүлсэн шинэчилсэн жагсаалтын дагуу түгээж байгаа юм.
Мөн нээлттэй танхимд шүүхийн танилцуулга, гарын авлага, тараах материалыг иргэдэд тогтмол тарааж, иргэд “Ухаалаг дэлгэц”-ээс шүүхүүдийн хаяг байршил, холбогдох дугаар, шүүх хуралдааны зар, нэхэмжлэлийн загвар зэрэг мэдээллүүдийг авах, шүүгч ажилтнуудын харилцаа хандлагын талаарх санал асуулгад оролцох, Монгол улсын шүүхийн цахим сан буюу shuukh.mn сайтруу нэвтрэн орж өөрт шаардлагатай шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолыг хэвлэж авах боломжоор ханган ажиллаж байна.
Ингэснээр шүүхийн үйлчилгээг иргэдэд нээлттэй ил тод болгох, олон нийтийн хяналтыг тогтоох, иргэдийн мэдэх эрхийг хүндэтгэх зэрэг чухал ач холбогдолтой бөгөөд шүүхээр үйлчлүүлж буй иргэд холбогдох мэдээллүүдийг дээрх мэдээллийн самбарууд, ухаалаг дэлгэц, нээлттэй танхимд байрлах гарын авлага танилцуулгаас авах бүрэн боломжтой юм.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газар
2021.01.19