Монголын хуульчдын холбооны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа
2019-02-21 | 178
Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга О.Амгаланбаатар, Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Ж.Хунан, Тамгын газрын дарга Ц.Ганболд нарыг 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Шүүхийн ерөнхий зөвлөл болон Монголын Хуульчдын холбооноос сүүлийн жилүүдэд хэрэгжүүлсэн хамтын ажиллагааны үр дүнг хэлэлцэж, цаашид хэрэгжүүлэх хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Ингэхдээ шүүгчдийн 2014 оноос хойших хуульчдын багц цагийн тооцоог хамтран шийдвэрлэх, хуульчийн гэрчилгээтэй захиргааны ажилтнуудын хуульчийн багц цагийн сургалтыг хамтран зохион байгуулах, холбогдох дүрэм журамд өөрчлөлт оруулах, шүүгч-сургагч багшийг бэлтгэх, сургалтад хамруулах, Шүүгчийн сонгон шалгаруулалтад нэр дэвшигчдийн мэргэшил, ур чадвар, нэр хүндийн талаарх дүгнэлт гаргах асуудлыг журамлах, хуульчийн мэргэжлийн нийгмийн үнэлэмж, нэр хүндийг дээшлүүлэх, шүүгч, шүүхийн захиргааны ажилтны мэдлэг ур чадварыг хөгжүүлэх, иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх талаар идэвхтэй хамтран ажиллахаар тохиролцов.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга О.Амгаланбаатар дээрх арга хэмжээг хэрэгжүүлэх чиглэлээр хамтарсан ажлын хэсэг байгуулж, 2019 онд хэрэгжүүлэх хамтын ажиллагааны төлөвлөгөөг гарган бүтээлчээр хамтран ажиллахаа илэрхийлэв.
ШҮҮХИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР