-1

ХУУЛИАР ТОГТООСОН ИРЦ БҮРДЭЭГҮЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨР ХЭРГИЙГ ӨӨР ШҮҮГЧИД ШИЛЖҮҮЛЭХ НЬ ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНЫ ЗӨРЧИЛД ХҮРГЭНЭ

2025-01-31    |   83

Шийдвэрийн дугаар: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 221/ШТ2025/0062 дугаар шүүхийн тогтоол       

Шийдвэрийн төлөв: хүчин төгөлдөр болсон

2025 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр, процессын хураангуй №1


       “О” СӨХ-ноос нийслэлийн Засаг даргад холбогдуулан “нийслэлийн Засаг даргын 2023 оны А/914 дүгээр захирамжаар “С” ГХОХХК-д олгосон газар ашиглах эрхийг хүчингүй болгуулах” нэхэмжлэл гаргасныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, шүүгч Д хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.

       Тус шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөний 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 1612 дугаар тогтоолоор хэргийг шүүгч А-д шилжүүлсэн ба Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасан “нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан” гэх үндэслэлээр “О” СӨХ-ны нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

       Нэхэмжлэгч дээрх шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч, давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо “... шүүх хуралдаан зарлагдсан өдөр хуваарилагдсан шүүгч нь өөрчлөгдсөн байсан, гуравдагч этгээдийн төлөөлөгчийн гаргасан их хэмжээний нотлох баримттай танилцах боломжийг олгоогүй” гэх агуулгыг үндэслэл болгож дурдана.

       ХУУЛЬ ХЭРЭГЛЭЭ, ШҮҮХИЙН ШИЙДВЭР

       Шүүхийн тогтоол: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх, нэхэмжлэгчийн гомдлоор анхан шатны шүүхийн дээрх шүүгчийн захирамжийг хянаад, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.6.3-д заасны дагуу хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Ингэхдээ дараах үндэслэлээр шүүгчийн захирамж “хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” шаардлагыг хангаагүй гэж дүгнэсэн:

       -  “Хэрэг шилжүүлэх тухай” шүүгчдийн зөвлөгөөний тогтоолд тус шүүхийн 9 шүүгч гарын үсэг зурж албажуулсан, бусад 9 шүүгч зөвлөгөөнд оролцсон эсэх нь тогтоолд тодорхой тусгагдаагүй нөхцөлд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.8 дэх хэсэгт “Тухайн шүүхийн шүүгчдийн дийлэнх олонх оролцсоноор Зөвлөгөөнийг хүчинтэйд тооцох бөгөөд энэ хуулийн 19.2-т заасан асуудлыг Зөвлөгөөнд оролцсон шүүгчдийн олонхын саналаар шийдвэрлэж, тогтоол гаргана” гэж шүүгчдийн зөвлөгөөнийг хүчинтэйд тооцох ирцийн босгыг тогтоосон хуулийн шаардлагыг хангаагүй.

       - “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” шаардлага бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх үе шатанд, шүүхээс гарч буй аливаа эрхийн актад хамаарах учир хуулиар тогтоосон ирц бүрдээгүй зөвлөгөөнөөр хэргийг шилжүүлсэн энэ тохиолдол нь “хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг шийдвэрлэсэн” гэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчилд хамаарна.


Санамж:

Энэ хураангуй нь шүүхийн шийдвэрийг орлохгүй ба хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх, шүүхийн шийдвэрийн үндэслэлийг сурталчилах, шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.


Хураангуйг бэлтгэсэн: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч З.Ганзориг

. . .