-1

Магадлалын хураангуй №6 Илүү төлсөн татварыг буцаах хүсэлтийг шийдвэрлэхдээ хяналт шалгалт явуулж, татварыг нөхөн ногдуулах эрхтэй

2023-03-22    |   760

Туршилтаар


Шийдвэрийн дугаар: 2023.01.31-ний өдрийн 221/МА2023/0081 дугаар магадлал

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

2023 оны 03 дугаар сарын 14-ний өдөр, магадлалын хураангуй: №6


       “И” ХХК-иас захиргааны хэргийн шүүхэд хандаж, татварын улсын байцаагчийн татвар нөхөн ногдуулалтын актаар 182,093,011.3 төгрөгийн төлбөр ногдуулсныг эс зөвшөөрч, хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

      Хэрэгт авагдсан баримтуудаар, “И” ХХК нь 2014-2020 оны нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтөө баталгаажуулах тухай хүсэлтээ татварын албанд гаргасны дагуу татварын улсын байцаагч хяналт шалгалтыг хийж, татварын улсын байцаагчийн маргаан бүхий актаар “… 2014 онд бусадтай байгуулсан гэрээний үүргээ биелүүлээгүйгээс /торгуульд/ төлсөн мөнгөн хөрөнгийг төлбөл зохих албан татвараас хасаж тооцсон” гэх зөрчил тогтоон, 82,093,011.3 төгрөгийн төлбөр ногдуулсан байна.

      Анхан шатны шүүхээс “ … нэмэгдсэн өртгийн татвар ногдуулах хуульд заасан 4 жилийн хугацааг мөрдөлгүйгээр нөхөн ногдуулалтын акт ногдуулсан нь буруу” гэж дүгнээд татварын улсын байцаагчийн актыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Хариуцагчийн давж заалдах гомдлоор давж заалдах шатны шүүх хэргийг хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

      Татварын буцаалтыг авах, бусад татварын өрд суутган тооцуулах хүсэлт гаргах эрх нь татвар төлөгчид хадгалагдах хэдий ч татварын улсын байцаагчаас илүү төлсөн татварыг буцаах хүсэлтийг шууд баталгаажуулахгүй, уг хүсэлтийг шийдвэрлэхдээ хууль тогтоомжийн дагуу илүү татварын төлөлт үүссэн эсэхийг нягталж, зөрчил илэрсэн тохиолдолд төлөх ёстой татварыг нөхөн ногдуулах эрхтэй, анхан шатны шүүх уг асуудлаар буруу дүгнэлт хийсэн гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

      Татварын улсын байцаагчийн маргаан бүхий актаар 2014 онд албан татвар ногдох бараа, ажил, үйлчилгээтэй хамааралгүй, үйлдвэр үйлчилгээний зориулалтаар худалдаж аваагүй бусадтай байгуулсан гэрээний үүргээ биелүүлээгүйн төлөө торгуульд төлсөн 1,820,930,113,0 төгрөгийг төлбөл зохих албан татвараас хасаж тооцсон нь хууль зөрчсөн гэж үзсэн нь үндэслэлтэй, энэ тохиолдолд, “И” ХХК-д уг зөрчилд хамаарах 182,093,011.3 төгрөгийн нөхөн татвар ногдуулсан нь хууль зөрчөөгүй тул илүү төлсөн татварын буцаалтад оруулан тооцож, буцаан олгох боломжгүй гэж үзнэ.

      Иймд, татварын улсын байцаагчаас ногдуулсан нөхөн ногдуулалтын актыг татварын хөөн хэлэлцэх хугацааг мөрдөөгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт буруу гэж үзэж, гомдлыг хангаж шийдвэрлэсэн.


      Санамж:

      Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.


      Шийдвэрийг бүтнээр нь үзэх бол: www.shuukh.mn

      Хураангуйг бэлтгэсэн: /Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Оюумаа

 

. . .