Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
Анх удаа үндэсний хэмжээний шүүхийн захиргааны ажилтнуудын чуулган боллоо

Анх удаа үндэсний хэмжээний шүүхийн захиргааны ажилтнуудын чуулган боллоо

2023-09-28   |   Админ   |   283   |  

Шүүхийн захиргааны ажилтны “Шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр Төрийн ордонд боллоо.

 

       Хэлэлцүүлэгт Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын алба, Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн, Шүүхийн сахилгын хороо, бүх шатны шүүхийн тамгын газрын нийт 800 албан хаагч чуулж, салбарын хөгжлийн бодлогоо хэлэлцэв. Мөн Улаанбаатар хотод хүрэлцэн ирж амжаагүй албан хаагчдыг мэдээллээр хангах хүрээнд шууд дамжуулан хүргэв.

  

 

     Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Р.Онончимэг хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ “Монгол Улсын шүүхийн захиргааны албан хаагчид түүхэндээ анх удаа хөгжлийнхөө ололтыг бататган дүгнэж, өмнөө тавьсан зорилтоо тууштай хэрэгжүүлэх шийдэл, гарцыг нэгтгэхээр хуран чуулж байна. Энэ түүхэн цаг мөчид Шүүхийн ерөнхий зөвлөлийн 30 жилийн ой тохиож байгаа. Аливаа түүхэн ой тэмдэглэлт баяр байхаас гадна өнгөрсөн цаг хугацаан дахь болон өнөөгийн алдаа, оноогоо дүгнэн цэгцлэх, ирээдүйн хөгжлийн чиг хандлага, баримтлах бодлого, зорилгоо тодорхойлох гурван цагийг холбосон түүхэн өртөө юм” гэж байв.

 

     Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн илгээлтийн үгийг түүний Хуулийн зөвлөх А.Бямбажаргал сонордууллаа. Илгээлтэд “Нийгэмд шударга ёсыг тогтоох, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, нэн хариуцлагатай шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх үйлсэд хүчин зүтгэж буй нийт шүүхийн захиргааны албан хаагчдад Шүүхийн ерөнхий зөвлөл үүсэж байгуулагдсаны 30 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье” гэжээ.

  

     Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзоригийн мэндчилгээг Тамгын газрын дарга С.Заяадэлгэр уншиж танилцуулсан юм. Ерөнхий шүүгч мэндчилгээндээ “Шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлогын нэг чухал бүрэлдэхүүн хэсэг нь шүүхийн захиргаа бөгөөд  шинэчлэлийн хүрээнд “Шүүхийн захиргааны бие даасан загвар”-ыг хөгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлснээр захиргааны албан хаагчдыг улам мэргэшүүлэх, нийгмийн баталгааг дээшлүүлэх боломж нэмэгдэнэ гэж итгэж байна. Цаашид шүүхийн захиргааны албан хаагчдын эрх зүйн байдлыг тусгайлан тогтоох хэрэгцээ, шаардлага байгааг цохон тэмдэглэе” гэж онцолсон юм.

  

      Шүүхийн сахилгын хорооны дарга Х.Хашбаатар “Шүүхийг шүүхийн захиргааны ажилтангүйгээр төсөөлөх аргагүй. Шүүгчид шууд иргэдтэй уулзахгүйгээр зөвхөн шүүх хуралдааны танхимд мэтгэлцээн өрнүүлж, шийдвэр гаргадаг бол, шүүхийн захиргааны албан хаагч нар иргэд, хэргийн оролцогчтой шууд харилцдаг шүүхийн нүүр царай юм. Иргэдийн шударга шүүхээр шүүлгэх эрх бидний мөнхийн зорилго байх учиртай” хэмээн мэндчилгээ дэвшүүлэв.

      Үргэлжлүүлэн Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Н.Отгончимэг “Шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого, цаашдын стратеги зорилтууд” сэдвээр илтгэл хэлэлцүүлж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Зүмбэрэллхам чиглүүлэн Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Энхбаяр, Улсын дээд шүүхийн Тамгын газрын дарга С.Заяадэлгэр, Дорнод аймаг дахь шүүхийн Тамгын газрын дарга Ц.Мөнхсайхан нар байр сууриа илэрхийлсэн.

      Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн А.Отгонцэцэг “Цогц чадамжтай, мэргэшсэн, тогтвортой шүүхийн захиргаа” сэдвээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн А.Отгонцэцэг илтгэл хэлэлцүүлж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Н.Баасанжав чиглүүлэн, Төрийн албаны зөвлөлийн гишүүн С.Цэдэндамба, Засгийн газрын хүний нөөцийн газрын дарга С.Алтангэрэл, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хөдөлмөрийн харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Алимаа, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, “Шүүх эрх мэдлийн байгууллагуудын эрх зүйн орчин боловсронгуй болгох чадварыг сайжруулах төсөл”-ийн удирдагч Л.Заяа нар холбогдох асуудлыг хэрхэн шийдэх талаар саналаа хуваалцсан юм.

      Хэлэлцүүлгийн хоёрдугаар хэсэгт “Шүүхийн захиргааны өнөөгийн байдал, цаашдын хандлага” сэдвээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын дарга, Монголын шүүхийн захиргааны ажилтны холбооны тэргүүн Н.Батхүү  илтгэл хэлэлцүүлж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Р.Батрагчаа чиглүүлэн, Шүүхийн сахилгын хорооны ажлын албаны дарга Д.Мөнхзориг, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь, сум дундын шүүхийн Тамгын газрын дарга Л.Ганбаатар, Завхан аймаг дахь шүүхийн Тамгын газрын дарга, Х.Дорждэрэм нар шүүхийн захиргааны байгууллагын менежментийг хэрэгжүүлэхэд тулгардаг асуудал, гарц, шийдлийн талаар хэлэлцлээ.

       Энэ үеэр шүүхийн захиргааны ажилтны хувь хөгжил, цогц чадамжийг дэмжих зорилгоор “Дасгалжуулалтын академи”-ийн үүсгэн байгуулагч, амьдралын дасгалжуулагч Б.Мөнгөнтуяа “Хариуцлага хүлээхийн ид шид” сэдвээр танилцуулга, мэдээлэл хүргэсэн.

       Үргэлжлүүлэн 140 гаруй албан хаагчийг төрийн одон, медаль, Шүүхийн ерөнхий зөвлөлийн нэрэмжит шагнал, Монгол Улсын дээд шүүхийн нэрэмжит шагналаар тус тус шагнав. Мөн шүүхийн түүхэн зургийн цомгийг үзэж сонирхох боломжийг бүрдүүлсэн юм.

  

      Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Р.Батрагчаа “Одоогоос таван жилийн өмнө бидний ололт бол ажилтан бүр нь шүүхийн захиргааг үйлчилдэг, шүүхийн хараат бус байдлыг хамгаалдаг захиргаа гэдэгт итгэл үнэмшилтэй болсон тухай дурдаж байсан. Одоо бид дээрх ололтыг амжилт болгох зам руу шулуудаж байгаагаа дуулгахад таатай байна. Учир нь “Шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого” хэмээх баримт бичиг баталснаар “эрх мэдлээс үйлчилгээ рүү” шилжих, ухаалаг менежментээр албан хаагч, иргэн харилцан үр өгөөжтэй байхаар төлөвлөсөн. Өнөөдрийн хэлэлцүүлгийн үр дүн Монгол Улсад явагдаж байгаа шүүх эрх мэдлийн шинэтгэлийг гүнзгийрүүлэх, иргэдэд үзүүлэх шүүхийн үйлчилгээний  чанарыг дээшлүүлэх ажилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа гэдгийг онцлон хэлье” гэснээр чуулга уулзалтыг хаасан юм.

  


Хэвлэл мэдээллийн хэлтэс