Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
“Шилдэг менежменттэй Тамгын газар”-аар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газар шалгарлаа

“Шилдэг менежменттэй Тамгын газар”-аар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газар шалгарлаа

2023-01-19   |   Админ   |   71   |  

     Шүүхийн захиргааны байгууллагын удирдах ажилтны сургалт, зөвлөгөөн болж, өндөрлөлөө. Эхний өдөр менежментийн сургалт зохион байгуулж, сүүлийн өдөр 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийн талаар хэлэлцүүлэг өрнүүлж, туршлага хуваалцав.

     Сургалт, зөвлөгөөний төгсгөлд 2022 оны үйл ажиллагааны үр дүн, менежментийн ур чадвараараа тэргүүлсэн шүүхийн Тамгын газруудыг шалгарууллаа. Үүнд “Шилдэг менежменттэй Тамгын газар”-аар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газар болон Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар шалгарсан.

     Шилдэг менежменттэй Тамгын газрыг шалгаруулахдаа ШЕЗ-ийн Дотоод аудитын хяналт-шинжилгээ, үнэлгээний дүн, гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийн үнэлгээ, үүрэг даалгаврын хэрэгжилт, шүүхээр үйлчлүүлсэн иргэдийн үнэлгээ, тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс ирүүлсэн үнэлгээ зэрэг шалгуур үзүүлэлтэд үндэслэсэн юм.

     Харин “Шилдэг ажил хэрэгжүүлсэн Тамгын газар”-аар “Шүүхийн сургалт, судалгааны төв”-ийн бүтээн байгуулалтыг хэрэгжүүлснээр Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн Тамгын газар, “Шилдэг инновац нэвтрүүлсэн Тамгын газар”-аар “Актив директор сервер” буюу “Хэрэглэгчийн нэгдсэн удирдлагын систем” нэвтрүүлснээр Дундговь аймаг дахь шүүхийн Тамгын газар тус тус шалгарлаа.


Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газар