Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх байгуулагдсаны 10 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний “ШИЛДЭГ ӨГҮҮЛЭЛ”-ийн уралдааны дүн гарлаа

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх байгуулагдсаны 10 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний “ШИЛДЭГ ӨГҮҮЛЭЛ”-ийн уралдааны дүн гарлаа

2021-05-25   |   Админ   |   366   |  

     Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс Улсын Дээд Шүүхийн захиргааны хэргийн танхим, Шүүхийн ерөнхий зөвлөлтэй хамтран Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх байгуулагдсаны 10 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний “ШИЛДЭГ ӨГҮҮЛЭЛ”-ийн уралдааныг амжилттай зохион байгуулав.

     Уралдааныг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн эрх зүйн салбар дахь судалгаа, шинжилгээний ажлыг дэмжих, эрх зүйн хөгжилд шүүхийн гүйцэтгэх үүрэг оролцоог нэмэгдүүлэх, хууль хэрэглээний тулгамдаж буй зарим асуудлыг шийдвэрлэх арга замыг тодорхойлох зорилготой зохион байгуулсан бөгөөд уралдаанд ирүүлсэн хуульч, судлаач нарын өгүүллийг Улсын Дээд Шүүхийн захиргааны хэргийн танхим, шүүгчдээс ирүүлсэн өгүүллийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчдээс бүрдсэн ажлын хэсэг тус тус дүгнэж шалгаруулсан юм.

     Ирүүлсэн өгүүллүүдийн дүнг гаргахдаа хэлбэрийн шаардлага хангасан эсэх, агуулгын хувьд удирдамжид заагдсан өмнө хэвлэгдээгүй байх, зарласан сэдвийн хүрээнд багтсан байх, шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийсэн байх зэргээс гадна Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулийн  “Эрх зүй” сэтгүүл болон Хууль зүйн үндэсний хүрээлэнгий “Хууль дээдлэх ёс” сэтгүүлд өгүүлэл хүлээж авахад тавигддаг шалгууруудыг гол үзүүлэлт болголоо.

     Шалгаруулалтын дүн:

     Захиргааны хэргийн шүүхийн шүүгчдийн дунд зохион байгуулсан ШИЛДЭГ ӨГҮҮЛЛИЙН УРАЛДААНД:

1, 2 дугаар байр шалгараагүй

3 дугаар байранд Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Ганзориг: “Захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус үндэслэлээр нэхэмжлэл хүлээн авахаас татгалзахад тулгамдаж буй зарим асуудал” сэдвээр,

Тусгай байранд Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунгэрэл, Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Сугар нар “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасан “Нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд” гэх ойлголтыг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх тухай” сэдвээр, Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Түвшинтулга: “Орон нутгийн сонгуультой холбоотой маргааныг хянан шийдвэрлэх явцад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-д заасан үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх нь” сэдвээр,

     Хуульч, судлаач нарын дунд зохион байгуулсан ШИЛДЭГ ӨГҮҮЛЛИЙН УРАЛДААНД:

1-р байр шалгараагүй,

2 дугаар байранд өмгөөлөгч Б.Эрдэнэмөнх: “Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаах зохицуулалт” сэдвээр,

3 дугаар байранд “Өмгөөллийн ивээл баг” ХНН Б.Гаваа, Э.Эрдэнэхишиг: “Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байдал” сэдвээр,

Тусгай байранд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн 4 дүгээр курсийн оюутан Б.Ууганболор: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх шүүхийн шийдвэрт гомдол гаргасан талын эрх зүйн байдлыг дордуулж шийдвэрлэх эрхтэй эсэх түүний тулгамдсан асуудал” сэдэвт өгүүллүүд тус тус шалгарлаа.

     Уралдаанд цаг зав гарган оролцож оюун ухаан, мэдлэг чадвараа дайчлан өгүүлэл бичиж ирүүлсэн нийт шүүгч, хуульч, судлаачид та бүхэнд талархал илэрхийлье.

     Тус уралдаанд шалгарсан зарим өгүүллийг эмхэтгэн нийтийн хүртээл болгоно.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх