Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
Процессын хураангуй №2 Хан-Уул дүүрэг дэх 10 үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийг түдгэлзүүлсэн нь хуульд нийцжээ

Процессын хураангуй №2 Хан-Уул дүүрэг дэх 10 үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийг түдгэлзүүлсэн нь хуульд нийцжээ

2023-06-26   |   Админ   |   836   |  


Тогтоолын дугаар: 221/ШТ2023/0514

Тогтоолын төлөв: Хүчин төгөлдөр болсон.

2023 он 06 сар 15 өдөр, процесс-хураангуй: дугаар 2


     “В” ХХК-иас Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах 10 орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийг анх бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулахаар маргасан.  Өмнө нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийн бүртгэлийг түдгэлзүүлэх хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн. Харин давж заалдах шатны шүүхээс “захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх нөхцөл байдал бий болсон гэж үзэхээргүй байна” гэж дүгнэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож байжээ.

    Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “В” компаниас дахин маргаан бүхий үл хөдлөх хөрөнгүүдийн бүртгэлийг түдгэлзүүлэх хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх үндэслэлтэй гэж дүгнэсэн.

    Учир нь хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, уг асуудлыг шүүх өмнө нь шийдвэрлэсэн байх боловч цаг хугацааны хувьд үүнээс хойш маргаантай үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгчид өөрчлөгдөж холбогдох бүртгэлд өөрчлөлт орсон. Үүнийг хэргийн нөхцөл байдал өөрчлөгдсөн гэж үзэх төдийгүй маргааны цар хүрээ цаашид тэлэх, маргаан даамжрах, талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр нөхцөл байдал баримтаар тогтоогдсон. Иймээс маргаантай үл хөдлөх эд хөрөнгүүдийн бүртгэлийг түдгэлзүүлэх талаар дахин гаргасан хүсэлтийг хэлэлцэн шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

    Тодруулбал, захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх нь тухайн актын үйлчлэлийг түр зогсоож, хэргийг хянан шийдвэрлэж дуусах хүртэл эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж буй этгээдэд эрх зүйн хамгаалалтыг бий болгох зорилготой боловч нөгөө талаас актын биелэлтийг түдгэлзүүлэхгүй байснаар хэн нэгэн хүн, хуулийн этгээдэд эдийн болон эдийн бус хохирол учирч болзошгүй аливаа нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэх зорилгыг агуулдаг. Иймээс Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах 10 орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийн бүртгэлийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.


Санамж:

      Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.


Хураангуйг бэлтгэсэн: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Билгүүн