Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
Магадлалын хураангуй №6 Сургуулийн зайлшгүй хэрэгцээний газрыг бусдад эзэмшүүлсэн нь хууль бус

Магадлалын хураангуй №6 Сургуулийн зайлшгүй хэрэгцээний газрыг бусдад эзэмшүүлсэн нь хууль бус

2022-11-30   |   Админ   |   604   |  

Туршилтаар

Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.


      Нэхэмжлэгч ШУТИС-иас нийслэлийн Засаг даргад холбогдуулан “нийслэлийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн А/421 дүгээр захирамжийн Д.Удвалд холбогдох хэсэг, 2021 оны А/574 дүгээр захирамжийн Г.Равданд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

     Нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахаар маргаж буй нийслэлийн Засаг даргын 2018 оны А/421 дүгээр захирамжаар ШУТИС-ийн эзэмшил хашаан доторх тус сургуулийн ашиглаж байсан 860 м.кв газрыг Д.Удвалд эзэмшүүлж, 2021 оны А/574 дүгээр захирамжаар уг газрыг эзэмших эрхийг Г.Равданд шилжүүлжээ.

     Анх нийслэлийн Засаг даргын 2005 оны 167 дугаар захирамжаар ШУТИС-д 3876 м.кв газрыг эзэмшүүлсэн бөгөөд ШУТИС анхнаасаа 4157 м.кв буюу одоогийн хашаалсан хэмжээгээр эзэмшиж ирсэн тул газрын хэмжээг нэмэгдүүлэхээр гуравдагч этгээд Д.Удвалаас цаг хугацааны хувьд өмнө хүсэлт гаргаж байсан болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон.

     Гэтэл анхан шатны шүүхээс газрын кадастрын мэдээллийн сангийн зурган мэдээллээр нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарын газар давхцалгүй, харин ШУТИС-ийн урлангийн байшинтай 13.97 м.кв хэмжээгээр давхцалтай гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, нийслэлийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн А/421, 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А/574 дүгээр захирамжуудын ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн Урлангийн байшинтай давхцалтай 13.97 м.кв хэмжээтэй газарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэл муутай болсон гэж давж заалдах шатны шүүх дүгнэжээ.

     Хавтаст хэрэгт авагдсан 2007 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөр огноолсон нэгж талбарын 18643311673886 тоот кадастрын зурагт нэхэмжлэгч ШУТИС нийт 4157 м.кв буюу одоогийн хашаалсан хэмжээгээр эзэмшиж байсан бөгөөд нийслэлийн Засаг даргын 2018 оны А/421 дүгээр захирамжаар 860 м.кв газрыг Д.Удвалд эзэмшүүлсэн хэдий ч уг газар нь анхнаасаа ШУТИС-ийн эзэмшил хашаан дотор байрлаж байхаас гадна сургуулийн цахилгааны узелийн хэсэгтэй бүхэлдээ давхцалтай, орц, гарц гаргах боломжгүй газар байхад уг байршилд газар эзэмших эрх олгосон нь хууль бус.

     ШУТИС-ийн тухайн үеийн захирал 2007 оны 10 дугаар сарын 02-ны өдөр нийслэлийн Газрын албанд тус сургуулийн оюутны байрыг “...нийслэлийн Засаг даргын 2005 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн захирамжаар баталгаат хэмжээг тогтоосон актыг үндэслэн хичээлийн байрны эзэмшил газраас салгаж гэрчилгээ олгож өгөх”-ийг хүссэн хүсэлт гаргасан, мөн ШУТИС нь 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр “олон жилийн турш хашаалан эзэмшиж байсан газраа нэмэгдүүлэн баталгаажуулах” агуулгаар хүсэлт гаргахад уг хүсэлтүүдийг нийслэлийн Засаг дарга огт шийдвэрлээгүй атлаа Д.Удвалаас газар эзэмших эрхээ Г.Равданд шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авч, шилжүүлсэн нь буруу гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэсэн.

     Иймд давж заалдах шатны шүүхээс шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч ШУТИС-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэжээ.


Шүүхийн шийдвэрүүд:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022.05.13-ны өдрийн 128/ШШ2022/0415 дугаар шийдвэр, https://shuukh.mn/single_case/10293?daterange=2022-01-01%20-%202022-11-13&id=1&court_cat=3&bb=1

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.08.17-ны өдрийн 221/МА2022/0558 дугаар магадлал,  https://shuukh.mn/single_case/5252?start_date=&end_date=&id=2&court_cat=3&bb=1

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй.


Хураангуйг бэлтгэсэн: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Билгүүн.