Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
ЦАГ ҮЕИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛТАЙ ХОЛБОГДУУЛАН УРИАЛГА ГАРГАХ НЬ

ЦАГ ҮЕИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛТАЙ ХОЛБОГДУУЛАН УРИАЛГА ГАРГАХ НЬ

2020-03-10   |   Админ   |   503   |  

     Монгол Улсын нутаг дэвсгэрт Шинэ корона вирусын халдвар /Covid-19/ илэрсэнтэй холбогдуулан уг халдвараас сэргийлэх зорилгоор Улсын онцгой комиссоос улс, хот хоорондын болон хот доторх хөдөлгөөнийг хязгаарлаж, хөл хорио тогтоох, олон хүн цугласан газраар явахгүй байхыг анхааруулсаар байна.

     Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх долоо хоногт дунджаар 45-50 шүүх хуралдааныг товлон зарладаг бөгөөд шүүх хуралдаанд биечлэн оролцох, нэхэмжлэл гаргах, хэргийн материалтай танилцах, магадлал, тогтоол гардан авах зэргээр мөн хугацаанд 200-250 хүн шүүхээр үйлчлүүлж байгаа нь вирусын тархалтын зэрэг өндөртэй энэ өвчний үед халдвар тархах эрсдэлтэй орчинд тооцогдож байна.

     Иймд эрсдэлээс өөрийгөө болон бусдыг хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид, бусад иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад дараах уриалгыг гаргаж байна.

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх, анхан шатны шүүхийн шийдвэр, шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолыг тухайн хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хянадаг учраас хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарыг шүүх хуралдаанд заавал биечлэн оролцохыг шаарддаггүй,

Шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбар шүүх хуралдаанд гаргасан тайлбартай адил үйлчлэлтэй тул давж заалдах шатны шүүх хуралдаанд биечлэн оролцохыг чухалчлалгүйгээр гомдолдоо нэмэлт тайлбар өгөх, гомдлын хариу тайлбар зэргийг бичгээр ирүүлэх замаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох,

2. Нэн шаардлагатайгаас бусад тохиолдолд тус шүүхэд хүрэлцэн ирэхгүй байх;

3. Улс, хот хоорондын зорчих хөдөлгөөнийг хязгаарласантай холбогдуулан шүүх хуралдаанд онлайн /online/ хэлбэрээр оролцохыг чухалчлах;

4. Шүүхээр үйлчлүүлэхдээ гар ариутгагч, халдваргүйжүүлэгч, амны хаалтыг заавал тогтмол хэрэглэх;

5. Шүүхийн төрийн тусгай албаны хамгаалалтын ажилтан болон хуяг, түүнчлэн бусад ажилтны тавьж буй халдвараас урьдчилан сэргийлэх зорилго бүхий хүсэлт, шаардлагад хүндэтгэлтэй хандах;

6. Шүүхийн үйл ажиллагаа, хэрэг, гомдол хуваарилалт, шүүх хуралдааны зар, тоймыг мэдээлэл лавлагааны 70130104, бичиг хэргийн 70132102, шүүгчийн туслахуудын 70133305, 70139996, 70130131 дугаарын утсаар болон admincourt2.mn вэбсайтаас үзэж, хүсэлт, тайлбарыг тус шүүхийн zakhirgaa_davakh_tg@shuukh.mn хаягаар ирүүлэх,

 

ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ

ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ