Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн “Тогтоолын цахим сан” ашиглалтанд орлоо

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн “Тогтоолын цахим сан” ашиглалтанд орлоо

2019-06-24   |   Админ   |   669   |  

     Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.6 дахь хэсэгт заасны дагуу гаргасан  шүүхийн тогтоолуудыг цахимжуулж “Тогтоолын цахим сан” үүсгэн, захиргааны хэргийн шүүхүүдийн үйл ажиллагаанд ашиглаж эхлээд байна.

     Тогтоолын цахим сан нь Анхан шатны шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжийг давж заалдах шатны шүүхээс өөрчилж, хүчингүй болгосон үндэслэл, шалтгааныг судлах, шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжид хуулийн зүйл, заалтыг зөв оновчтой баримталж байгаа эсэхийг тодорхойлох, давж заалдах шатны шүүхээс гарч байгаа тогтоол, захирамжийн хэлбэр, бичилт, үндэслэл болгосон хуулийн зохицуулалтыг нэг мөр ойлгож зөв хэрэглэх ур чадварыг нэмэгдүүлэх, шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудыг судалгаа, мэдээллээр хангах үндсэн зорилготой.

     Тогтоолын цахим санг захиргааны хэргийн анхан шатны шүүхүүдийн дотоод хэрэгцээнд ашиглуулахаар хэрэглэгчийн эрх олгож ашиглуулж байна. Мөн зарим шаардлагатай тохиолдолд судлаач, өмгөөлөгч, хэргийн оролцогчийн хүсэлтийн дагуу цахим сан дахь мэдээллийн баазыг ашиглуулах боломжтой юм.

     Уг тогтоолын сан нь хэргийн оролцогч, огноо болон огнооны интервалаар, тогтоолын дугаар, шүүгчийн нэрээр, анхан шатны шүүх, гомдлын төрөл, зүйл заалтаар болон давж заалдах шатны шүүхийн гомдлыг шийдвэрлэсэн байдлаар гэх мэт нарийвчилсан хайлт хийх боломжтойгоороо онцлог юм.