ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
2026-01-16 | 53Тус шүүхээс хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах ажлын хүрээнд хяналтын шатны шүүхээр хянагдсан хэрэг, маргааны төрлөөр хэлэлцүүлэг зохион байгуулдаг уламжлалтай. Төлөвлөгөөний дагуу “Захиргааны эрх зүйн хэрэг судлал” сэдэвт гурав дахь удаагийн хэлэлцүүлгийг амжилттай зохион байгууллаа.

Хэлэлцүүлэг зохион байгуулснаар Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдаанаар хянагдсан магадлалд өөрчлөлт орсон, хүчингүй болсон шалтгаан нөхцөлийг судлах, хэрэг хянан шийдвэрлэхэд гарч буй алдааг тодорхойлж, түүнд дүн шинжилгээ хийх, хуулийг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх ур чадварыг нэмэгдүүлэх, түүнчлэн тухайн шүүхээр хянан шийдвэрлэгдэж буй бусад хэрэг маргааны агуулга болон шийдвэрлэлтийн талаар шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудыг мэдээллээр хангах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны чанарыг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Энэ оны байдлаар Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар тус шүүхийн нийт 519 магадлалд гомдол гаргаснаас 91 /17,5%/ хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, 428 /82,5%/ хэргийн гомдлыг шүүх хуралдаанаар хэлэлцэхээс татгалзсан байна.

Хэлэлцсэн хэргийн 15 /16,5%/ нь хэвээр, 29 буюу 31,9% нь өөрчлөлт оруулсан бол хүчингүй болсон 47 буюу 51,6% байна.
Өөрөөр хэлбэл хяналтын журмаар гаргасан гомдлын 85.4% нь хэвээр үлдээх буюу шүүх хуралдаанаар хэлэлцэхээс татгалзсан бол 14.6% нь шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, хүчингүй болгосон байна.