“ӨМГӨӨЛӨГЧИЙН ЦАХИМ ХУРАЛДААН БОЛОН ГАНЦААРЧИЛСАН УУЛЗАЛТЫН ӨРӨӨ”-Г АШИГЛАЛТАД ОРУУЛЛАА
2025-12-23 | 62Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газраас шүүхийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, нээлттэй, ил тод байдлыг бэхжүүлэх, үйлчилгээний орчин нөхцөлийг сайжруулах, иргэдийн шүүхэд мэдүүлэх эрхийг хангах, шүүхийн үйл ажиллагааны нээлттэй, ил тод байдлыг бэхжүүлэх чиглэлээр жил бүр үр дүнтэй ажил санаачлан хэрэгжүүлж ажиллаж байна.

Энэ хүрээнд 2025 оны нэгдүгээр сард ШЕЗ-ийн тогтоолоор “Шүүхийн байрны стандарт” батлагдсан бөгөөд тус шүүхийн Тамгын газраас энэхүү журмын хэрэгжилтийн хүрээнд “Өмгөөлөгчийн ганцаарчилсан уулзалтын болон цахим хуралдааны өрөө”-г ашиглалтад орууллаа.

Өмгөөлөгчийн уулзалтын өрөө ашиглалтад орж байгаатай холбогдуулан Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгч Л.Данзанноров, Нийслэлийн Өмгөөлөгчдийн Зөвлөлийн дарга Б.Солонго, Удирдах Зөвлөлийн гишүүн, гишүүнчлэлийн дэд хорооны дарга Б.Энх-Эрдэнэ нарыг Тамгын газрын дарга Д.Өнөржаргал хүлээн авч уулзлаа. Энэ үеэр Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч Л.Данзанноров: “Захиргааны хэргийн шүүхээс өмгөөлөгчдөд болон шүүхээр үйлчлүүлж байгаа иргэдэд таатай орчин бүрдүүлэхэд хамгийн их анхаарч, ач холбогдол өгч байгаа. Та бүхний үлгэрлэл, манлайлал бусад шүүхүүдэд жишиг болон хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байна” гээд ажлын амжилт хүслээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээр харьяалан шийдвэрлэгдэж буй хэрэг маргааны онцлог болон шүүх хуралдааны танхимын хүрэлцээнээс шалтгаалан шүүх хуралдаан хүлээгддэг бөгөөд нэг талаас энэхүү өмгөөлөгчийн ганцаарчилсан өрөөг ашиглалтад оруулснаар өмгөөлөгч дараагийн шүүх хуралдаандаа бэлтгэх, хэргийн оролцогчтойгоо уулзах орчин нөхцөл бүрдэх юм. Нөгөөтээгүүр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэвийн тасралтгүй явуулах орчин нөхцөлийг бүрдүүлэх, шүүх хуралдаан хойшлолтыг бууруулах зорилгоор өмгөөлөгчийн цахим хуралдааны өрөөнөөс бусад шүүхийн шүүх хуралдаанд цахимаар оролцох боломжтой байдлаар техник, тоног төхөөрөмжийг байршуулж ажиллах таатай орчин нөхцөлийг бүрдүүллээ.

Монгол Улсын Дээд шүүхийн шүүхээс гаргасан шүүх хуралдаан хойшилсон шалтгаан нөхцөлийг тодруулсан статистик мэдээгээр Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаан 2023 онд “Хэргийн оролцогч, төлөөлөгч, өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлт гаргасан” үндэслэлээр хойшилсон шүүх хуралдаан нь 41 хувийг эзэлж байсан бол, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2025 оны 11 дүгээр сарын байдлаар өмгөөлөгч өвчтэй, шүүх хуралдаан давхацсан тохиолдол 27,7%-ийг эзэлж байна.

Дашрамд дурдахад, тус шүүхийн Тамгын газраас шүүхийн үйлчилгээг иргэдэд ойртуулах зорилгоор 2022 онд “Call center” үйлчилгээг нэвтрүүлсэн, ШЕЗ-өөс “Шүүх хуралдаанд оролцогчийг зайнаас буюу цахимаар оролцуулах ажлыг зохион байгуулах журам”-ын хэрэгжилтийн хүрээнд 2023 онд шүүх хуралдааныг танхим, танхим болон цахим хосолсон байдлаар явуулах техникийн нөхцөлийг бүрдүүлсэн. 2024 онд шүүхийн цахимжилтыг эрчимжүүлэх чиглэлээр “Шүүх хуралдааны жишиг цахим танхим”-г байгуулж, ашиглалтад оруулснаар иргэдийг эдийн засгийн хэмнэлттэйгээр, орон зай, цаг хугацаанаас үл хамаарч шүүх хуралдаанд цахимаар оролцох боломжийг бүрдүүлсэн.
Монгол Улсын Шүүхийн тухай хуульд 2024 онд орсон нэмэлт өөрчлөлт хийгээд, МУ-ын шүүхийн хөгжлийн бодлогын баримт бичиг батлагдан гарснаар ШЕЗ-ийн тогтоолоор “Нээлттэй шүүх хуралдааны бичлэгийг шүүхийн цахим хуудаст байршуулах журам” батлагдсанаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс 800 орчим шүүх хуралдааныг шууд дамжуулан ажиллаж байна.