ТАМГЫН ГАЗРЫН 2025 ОНЫ “ГҮЙЦЭТГЭЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ”-НИЙ БИЕЛЭЛТИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
2025-12-01 | 53Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын 2025 оны үйл ажиллагааны тайланг 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдөр танилцуулж, хэлэлцүүллээ.

Тайлангийн хуралд шүүгч нар болон шүүхийн шүүхийн захиргааны албан хаагчид оролцов.

Хурлыг Тамгын газрын дарга Д.Өнөржаргал нээж, хэлтсийн дарга, мэргэжилтнүүд хэрэгжилтийн явц, үр дүнгээ танилцууллаа.

Тамгын газрын дарга Д.Өнөржаргал энэ үеэр “2025 онд хариуцлагатай, иргэн төвтэй шүүхийн үйлчилгээг төлөвшүүлэхийг эрхэм зорилго болгон ажилласан. Энэ хүрээнд шүүхийн үйл ажиллагааны нээлттэй, ил тод байдлыг бэхжүүлэх, шүүхийн үйлчилгээг иргэнд ойртуулах, мэдээллийн урсгалыг эрчимжүүлэх, иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, шүүхийн байрны орчин нөхцөлийг сайжруулах, хүний нөөцийг чадавхжуулах, төсөв санхүүг хэмнэлттэй, шүүхийн бие даасан, хараат бус байдлыг хангах хүрээнд 5 зорилго 78 арга хэмжээг амжилттай хэрэгжүүлж, биелүүлсэн байна” хэмээн онцолсон юм.

Онцлох ажлуудаас дурдвал:
- “Шүүхийн тогтоолын цахим сан”-г шинээр байгуулж 2019–2025 оны 6600 гаруй захирамж, тогтоолыг нэгтгэн баялгийн их мэдээллийн сан бүрдүүлж, хууль хэрэглээний нэгдмэл байдал, судалгааны хэрэглээг өргөтгөв.
- Шүүхийн цахим хуудсанд Чатбот систем нэвтрүүлж, иргэдэд мэдээлэл хүргэх хурд, хүртээмжийг сайжруулав.
- “Нээлттэй шүүх хуралдааны бичлэгийг цахим хуудсанд байршуулах журам” 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлснээр Youtube, Facebook болон цахим хуудсаар 722 шууд дамжуулалт хийж, шүүхийн ил тод байдлыг шинэ түвшинд хүргэв.
- Шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын ажиллах ая тухтай орчин нөхцөлийг бүрдүүлж, өрөө тасалгаа гаргаж засварлан, өмгөөлөгчийн цахим хуралдааны болон ганцаарчилсан уулзалтын өрөөг шинээр тохижуулан ашиглалтад оруулав.
- Засвар үйлчилгээний хүрээнд иргэд болон хэргийн оролцогчдын тав тухтай байдлыг бий болгож, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэн, мэдээлэл өгөх, чиглүүлэх зорилгоор байрны дотоод тэмдэглэгээ, хаягжилт, зураглалын системийг шинэчлэн илүү ойлгомжтой болголоо.

Мөн “Хүүхдэд ээлтэй шүүх”, “Нээлттэй шүүх өдөрлөг”, “Нээлттэй шүүх – Алслагдсан хороодод” зэрэг олон нийт рүү чиглэсэн арга хэмжээний хүрээнд 36 төрийн болон бус байгууллага, сургуулийн 3000 орчим иргэн, сурагч, оюутанд мэдээлэл хүргэж, эрх зүйн боловсролыг нэмэгдүүлэх, шүүхийн үйлчилгээг иргэнд ойртуулах ажил зохион байгуулсан.
Тамгын газрын 2025 онд хэрэгжүүлсэн ажлууд нь иргэн төвтэй шүүхийн үйлчилгээг сайжруулж, шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг бэхжүүлэхэд бодит хувь нэмэр оруулсан гэж дүгнэж цаашид хэрэгжүүлэх ажил болон анхаарч ажиллах асуудлын талаар харилцан санал бодлоо солилцож, үнэлгээ өгснөөр тайлангийн хурал өндөрлөв.