“НЭЭЛТТЭЙ ШҮҮХ” ӨДӨРЛӨГИЙН ХҮРЭЭНД ЖИШИГ ШҮҮХ ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАВ
2025-11-28 | 75Монгол Улсын Их Хурлын 2024 оны 33 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын шүүх эрх мэдлийн бодлого” болон Шүүхийн тамгын газрын 2025 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсан зорилтын хүрээнд шүүхийн ил тод, нээлттэй байдлыг хангах арга хэмжээг тогтмол хэрэгжүүлж байна.

Энэ ажлын хүрээнд өнөөдөр /2025.11.28/ Шихихутуг их сургуулийн IV дамжааны оюутнууд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн “Ногоон танхим”-д Захиргааны хууль тогтоомжийн хэрэглээ хичээлийн төлөвлөгөөний дагуу жишиг шүүх хуралдаан зохион байгууллаа.
Жишиг хуралдааны үеэр оюутнууд маргааны кэйсээ өөрсдөө боловсруулж, шүүгч, талуудын төлөөлөл болон мэтгэлцэгчийн үүрэг гүйцэтгэн практик дадлага хийв. Энэ үеэр шүүгч Б.Адьяасүрэн оюутнуудад шүүх хуралдааны дэг баримтлах, асуудлыг бодит үндэслэлтэйгээр тайлбарлан хамгаалах зэрэгт мэргэжлийн чиглэл, зөвлөмж өгч ажиллав.
Мөн Шүүхийн Тамгын газрын дарга Д.Өнөржаргал шүүхийн ил тод, нээлттэй байдлын бодлого, шүүхээр шийдвэрлэдэг хэрэг маргааны төрөл, иргэдийн төлөөлөгчийн оролцооны ач холбогдлын талаар мэдээлэл өгч, захиргааны эрх зүйн чиглэлээр судалгааны ажил хийх боломж их байгааг онцоллоо.
Уулзалтын төгсгөлд оюутнууд мэргэжлийн онцлог, бодит ажлын орчны талаар ярилцаж, сонирхсон асуултадаа хариулт авсан юм.