-1

“ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ ШҮҮХ” ХӨТӨЛБӨРТ “ШУДАРГА ЁСНЫ КЛУБ”-ИЙНХЭН НЭГДЭВ

2025-06-13    |   54

Тус шүүхээс хэрэгжүүлж буй “Хүүхдэд ээлтэй шүүх” хөтөлбөрт “ШУДАРГА ЁСНЫ КЛУБ”-ийнхэн нэгдлээ. 

Авлигатай тэмцэх газрын дэмжлэгтэйгээр Монгол улсын хэмжээнд ерөнхий боловсролын нийт 12 сургуульд “Шударга ёсны клуб” байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж байна. “Шударга ёсны клуб” нь шударга ёсны үзэл хандлагыг түгээн дэлгэрүүлэх, хүүхдийн шударга байдалд сөргөөр нөлөөлж байгаа хүчин зүйлсийг бууруулах арга замаар ёс зүйн төлөвшлийг дэмжих, хүүхдийн шударга байдлыг төлөвшүүлэх зорилготой юм.

Тус клубийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс зохион байгуулж буй “Хүүхдэд ээлтэй шүүх” хөтөлбөрт Нийслэлийн ерөнхий боловсролын 24 дүгээр сургууль, 1 дүгээр сургууль, 84 дүгээр сургууль, 32 дугаар сургууль, 12 дугаар сургуулийн клубийн нийт 40 сурагч хамрагдав.  

Арга хэмжээний үеэр шүүгчийн туслах Б.Бадамсүрэн, Ө.Акмарал нар   Захиргааны шүүхийн онцлог, хэрэг маргааны төрөл, иргэдийн төлөөлөгчийн оролцоо, шүүгчийн нөмрөг, шүүгчийн алх зэрэг сэдвийн хүрээнд танин мэдэхүйн ач холбогдолтой мэдээлэл өгсөн юм.

Энэхүү хөтөлбөрөөр дамжуулан хүүхэд, өсвөр үеийнхэнд нас сэтгэл зүйн онцлогт тохирсон хууль эрх зүйн мэдлэг олгох, тоглоомын болон мэтгэлцээний аргаар шүүхийн үйл ажиллагаа, гэмт хэрэгт өртөхөөс сэргийлэх, эрхээ хамгаалахаас гадна ирээдүйн зөв монгол иргэнийг төлөвшүүлэхэд сургалтын арга хэлбэрийг чиглүүлж байна.

. . .