Шийдвэрийн хураангуй №1: Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан ”сонгогдох эрх”-ийг гагцхүү хуулиар хязгаарлана.
2024-06-06 | 355Шийдвэрийн дугаар: 2024.06.06 221/МА2024/0015
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй.
2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр, шийдвэрийн хураангуй: №1
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.9-д зааснаар авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон нь цагдаагийн байгууллагын ял шийтгэлийн мэдээллийн сангаас авсан мэдээллээр тогтоогдсон гэх үндэслэлээр Сонгуулийн ерөнхий хороо нэхэмжлэгч Н-ыг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан 68 дугаар тогтоолыг гаргасан.
Нэхэмжлэгчээс маргаан бүхий тогтоолыг хууль бус болохыг тогтоож, “Үндэсний эвсэл”-ийн жагсаалтад 1 дүгээрт нэр дэвшүүлсэн Н-ыг нэр дэвшигчээр бүртгэж, нэр дэвшигчийн үнэмлэх олгохыг хариуцагчид даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
Шүүх нэхэмжлэгч нь албан үүргээ биелүүлэлгүй хайнга хандсан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хайнга хандах” гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон нь Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2021 оны 60 дугаар тогтоолоор тогтоогдож байна гэж үзсэн.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан албан тушаалтны үйлдсэн гэмт хэрэг нэг бүрийг мөн хуулийн тусгай ангийн хорин хоёрдугаар бүлгийн “авлигын хэрэг”-т хамааруулан үзэх үндэслэлгүй байх тул Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, Н-ыг нэр дэвшигчээр бүртгэж, нэр дэвшигчийн үнэмлэх олгохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн.
Монгол Улсын Үндсэн хууль болон Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, түүгээр хүлээсэн үүрэг, холбогдох хуулийн зохицуулалт, авлигаас ангид байх бодлогын хүрээнд хууль тогтоогчоос Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.9 дэх хэсэгт авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглохоор аливаа ялгаварлалгүйгээр хуульчилсан байна. Энэ нь тодорхой төрлийн гэмт хэргийг нэрлэн зааж хязгаарлалт тогтоон хуульчилсан зохицуулалт гэж үзэхээр байна.
Ийнхүү Үндсэн хуулиар баталгаажсан “сонгогдох” эрх нь улс төрийн эрх бөгөөд сонгох эрхийг Монгол Улсын эрх зүйн чадамжтай сонгуулийн эрх бүхий иргэн бүр эдлэх эрхтэй, харин сонгогдох эрхийн хувьд тухайн албан тушаалын онцлог, шаардлагад тавигдах тусгайлсан болзол, шалгуурыг хуулиар тогтоож болох бөгөөд ийнхүү тогтоохдоо Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн хүрээнд хуулиар тодорхойлох боломжтой гэж дүгнэсэн.
Хураангуйг бэлтгэсэн: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Долгорсүрэн
Санамж:
Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.